Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Баянмонгол хорооллын орчимд химийн бодистой бохир асгасан байсныг олж тогтоон, хорт бодисыг саармагжуулж, ариутгажээ.
Өчигдөр 17:52 цагийн үед тус хорооллын 406, 414 дугаар байрны ойр орчмоос химийн бодис үнэртээд байна гэсэн мэдээлэл Нийслэлийн онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу Аврах тусгай ангийн бүлэг, УСУГ-ын шугам ашиглалт засварын газрын нийт 12 ажилтан нар хамтарч хайгуулын үйл ажиллагаа хийж, бодис хэмжигч багажаар агаарт хэмжилт хийхэд ямар нэгэн бодис илрээгүй байна.
Үргэлжлүүлэн хайгуулын ажлыг хийхэд тус дүүргийн 12 дугаар хороонд байрлах УСУГ-ын шугам ашиглалт засварын газрын Туул-1 коллекторын бохир ус зөөвөрлөх, татах зайлуулах хоёрдугаар худагт химийн бодистой бохир асгасан байсныг олж тогтоожээ.
УСУГ-аас хоёр автомашинаар цэвэр ус зөөвөрлөн хорт бодисыг саармагжуулах үйл ажиллагааг явуулан, мөн худгийн ойр орчмын газрыг хлороор ариутгажээ.