Баян-Өлгий аймгийн хил орчмын сумдаар зөрчил буурсан хэмээн аймгийн ЗДТГ-аас мэдээллээ. Баян-Өлгий аймгийн хил орчмын сумдаар 2013-2015 онуудад жилдээ 100 гаруй адуу хил даван хулгайлагддаг байжээ.
Харин өнгөрсөн онд 70 гаруй адуу хил гарсан тохиолдол бүртгэгджээ. Сүүлийн жилүүдэд хил орчмын зөрчил, эрүүгийн хэргийн нөхцөл байдал харьцангуй хөнгөрсөн бөгөөд энэ нь Хил хамгаалалтад туслах хүчний зөвлөлийн өмнөх жилүүд авч хэрэгжүүлсэн ажлын үр дүн гэдгийг зөвлөгөөнд оролцогчид онцолж байна.
Тус аймгийн ОХУ-тай хил залгаа Улаанхус, Ногооннуур сумдад малын хулгай тасрахгүй байна. Хууль хяналтын байгууллагууд хил дамнасан малын хулгайн гэмт хэрэгт орон нутгийн иргэд өөрсдөө оролцож байж болзошгүй гэж үздэг бөгөөд уг асуудлыг холбогдох байгууллагуудтай хамтран шалгаж байгаа ажээ.
Түүнчлэн малын хулгайг таслан зогсох, эрэн хайх ажиллагаанд сумдын зүгээс ч дэмжлэг үзүүлж байгааг удирдлагууд нь хэлж байв.
Хил дамнасан малын хулгайг таслан зогсоохын тулд зөрчил ихээр гардаг хилийн хэсгүүдэд торон саад тавих шаардлагатай хэмээн албаны хүмүүс үзэж байна.
Иймд уг ажилд шаардагдах хөрөнгийг энэ жилийн орон нутгийн төсвөөс шийдэж өгөхөө аймгийн удирдлагын зүгээс зөвлөгөөний үеэр илэрхийлсэн байна.