Их эзэн Чингис хааны мэндэлсний 855 жилийн ой, Монгол бахархлын өдөр өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдрийг тохиолдуулан Сүхбаатарын талбайд Монгол Улсын Төрийн далбаа мандуулах ёслол болов.
Ёслолын дараа Монголын нэгдсэн тулгар төрийн уламжлалт есөн хөлт Их цагаан тугийг Төрийн ордноос Сүхбаатарын талбайд залж, есөн шарга морьт цэрэг Төрийн ордныг нар зөв гороолон цэнгүүлэв. Их цагаан тугийг цэнгүүлэхэд хээр зүсмийн морьд хүлэглэсэн торгон цэрэг, төрийн тусгай хамгаалалтынхан дагалдаж, зэвсэгт хүчний үлээвэр найрал хөгжим хүндэтгэлийн ая эгшиглүүлэв.