БОАЖЯ-аас Логоны загвар боловсруулах уралдаан зарлав
Байгаль орчинд ээлтэй дэвшилтэт арга, технологи нэвтрүүлсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг урамшуулах журмын дагуу олгох “ногоон гэрчилгээ” “эко тэмдэг”-ны “логоны загвар боловсруулах уралдааны болзолтой танилцана уу.
Нэг. Уралдааны зорилго, ерөнхий шалгуур:
Засгийн газрын 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 290 дүгээр тогтоолоор батлагдсан “Байгаль орчинд ээлтэй технологи нэвтрүүлсэн аж ахуйн нэгж, байгууллагыг урамшуулах эко тэмдэг олгох” журмын дагуу шалгуур үзүүлэлтийг хангасан аж ахуйн нэгж байгууллагад олгох “Ногоон байгууллага” гэрчилгээ, бүтээгдэхүүн, үйлчилгээнд олгох “Эко тэмдэг”-ийн загварын уралдаан зарлаж байна. Үүнд:
1. Байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулахад чиглэсэн үйл ажиллагаа явуулсан аж ахуйн нэгж, байгууллага болон Байгаль орчны сөрөг нөлөөллийг бууруулахад чиглэсэн түүхий эд материал ашиглаж, үйлдвэрлэсэн, бүтээгдэхүүн, үйлчилгээ гэдэг нь тодорхой ойлгогдох;
2. “Ногоон байгууллага”, “эко бүтээгдэхүү”-ний зорилго үйл ажиллагааг тодорхой илэрхийлсэн байх;
3. Хэвлэмэл материалд буулгаж ашиглах болон тэмдэг болгон хэвлүүлэх боломжтой байх;
4. Орчин үеийн болон уламжлалт ёс заншил, дүр төрхийг агуулсан байх;
5. Өнгөний зохицол болон хэмжээний харьцаа зохимжтой байх зэрэг болно.
Хоёр. Уралдааны хамрах хүрээ
Байгалийн нөөцийг хэмнэлттэй, үр ашигтай зохистой ашиглах, эрчим хүчийг хэмнэх, хүлэмжийн хийн ялгарал, хог хаягдал болон дулаан алдагдлыг багасгах, агаар, орчны бохирдлыг бууруулахад чиглэсэн үйл ажиллагаа явуулж журамд заасан шалгуур үзүүлэлтийг хангасан иргэн аж ахуйн нэгж байгууллагад олгох урамшуулал дараах хэлбэртэй байна.
– Байгаль орчинд ээлтэй дэвшилтэт арга, технологи нэвтрүүлсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад олгох “Ногоон гэрчилгээ” –ний загвар
– Байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулахад чиглэсэн үйл ажиллагаа явуулсан аж ахуйн нэгж, байгууллагын бүтээгдэхүүн, үйлчилгээнд олгох “Эко тэмдэг”–ны загвар
Гурав. Дүгнэх нөхцөл:
Уралдаанд ирүүлсэн бүтээл /logo/-ийг дээрх шалгуурын дагуу 2018 оны 02 дугаар сарын 02-ны дотор дүгнэж, хамгийн шилдэг гэрчилгээ, тэмдэг тус бүр 1 бүтээл /logo/-ийг шалгаруулна.
Дөрөв. Шагнал:
Шилдэг “Эко тэмдэг”, “Ногоон байгууллага” бүтээлд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын өргөмжлөл, дурсгалын зүйлээр шагнаж, урамшуулна.
Тав. Уралдаанд оролцох бүтээлийг ирүүлэх хаяг:
Бүтээлийг хэвэлмэл болон файлаар 2018 оны 02 дугаар сарын 01-ний дотор /Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Засгийн газрын II байр, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, 314 тоот өрөө, ЦТХОҮХэлтэс лавлах утас:311127/ хаягаар ирүүлнэ.
Жич: Уралдаанд ирүүлсэн шалгараагүй бүтээлийн материалыг буцаан олгохгүйг анхаарна уу.