Өнөөдөр Монголын Боловсрол, Шинжлэх ухааны Үйлдвэрчний эвлэлийн хороо /МБШЭҮЭХ/-ноос мэдээлэл хийлээ. Тус хорооны дарга Ж.Батзориг “Багш нарын цалин нэмэгдүүлэх түр хорооны зүгээс ҮЭ-ийн байгууллагыг үгүйсгэсэн, олон нийтийг төөрөгдүүлэх зорилготой худал мэдээлэл нийгэмд түгээж байгааг салбарын ҮЭ-ийн холбооны зүгээс буруушааж зохисгүй үйлдэл гэж үзэж байна.
Манай холбооны гишүүд түр хороог ажиллах нөхцөлөөр хангах үүднээс бололцоотой арга хэмжээнүүдийг авч дэмжлэг үзүүлж ажиллаж байна. Салбарын ажилтнуудын цалинг нэмэгдүүлэх асуудлаар МҮЭ-ийн холбоо болон салбарын ҮЭ-ийн холбооноос хамтын маргааныг хуулийн хүрээнд үүсгэн уг асуудлыг шийдвэрлүүлэхийн төлөө тууштай ажиллаж байгаа. Шаардлагатай тохиолдолд ҮЭ-ийн гишүүдийнхээ хөдөлмөрлөх эрхийг хамгаалахын төлөө хууль ёсны тэмцлийг ҮЭ-ийн байгууллагад хуулиар олгосон эрхийнхээ хүрээнд зохион байгуулна.
Хөдөлмөрийн тухай хуульд заасан хамтын маргааныг шийдвэрлэх журмын дагуу зуучлагчийн шатаар маргаан орохоор явж байна. Хамтын маргааныг талууд хэлэлцэн тохиролцож шийдвэрлэж чадахгүй бол аравдугаар сарын сүүлээр хугацаагүй ажил хаялт зарлана. Мэдээж хуулийн дагуу ажлын байр, цалин хөлсөө алдахгүйгээр хийнэ.
МҮЭ-ийн холбоо болон салбарын ҮЭ-ийн холбооны зүгээс хамтын маргааныг хуулийн хүрээнд амжилттай шийдвэрлүүлэхийн төлөө тууштай ажиллах болно. Мөн шаардлагатай тохиолдолд ҮЭ-ийн гишүүд, ажилтнуудынхаа хөдөлмөрлөх эрхийг хамгаалахын төлөө хууль ёсны тэмцлийг зохион байгуулна” гэв.
Сургуулийн өмнөх боловсролын ҮЭ-ийн дарга Д.Саранцэцэг “ҮЭ байгууллага багш нарын ажил хаялтад хориг саад тавьж байна гэх асуудал яригдаад байгаа. Энэ бол ташаа мэдээлэл. Багш нар хуулийн дагуу бус, цалингүй ажил хаяна гэх байр суурыг түр хорооноос шаардаж байсан. Энэ нь цаашлаад ажлаас халагдах эрсдэлийг дагуулах байсан учир бид ажил хаялтыг дэмжээгүй.
Эдийн засгийн хямралтай үед цалин нэмэх боломжгүй гэж ярьж байгаа. Гэхдээ бид зарим судалгаа хийсэн. Жишээлбэл, хувийн цэцэрлэгүүд 300 мянгаас 3 сая хүртэл төлбөр авдаг. Гэтэл улсын цэцэрлэгийн нэг хүүхдийн хоолны зардал 1650 төгрөг байдаг. Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулинд тодорхой хэсгийг эцэг, эхээс авна гэж заасан ч өнөөдрийг хүртэл авахгүй байгаа. Нэг ангид 60 хүүхэдтэй гэж тооцолоход 1650 төгрөгийн тал хувийг нь авахад 1 сая 80 мянган төгрөг сард цуглах боломжтой. Үүгээр багш нарын цалинг нэмж болно” гэж хэллээ.