Дэлхийн боловсролыг дэргэдээсээ эзэмших боломжтой
Гарааны бизнес эрхлэгчдэд олон улсын загвараар техник, технологи, инноваци, бизнесийн ур чадвар олгох ахисан түвшний мэдлэг олгох сургууль байгуулах саналыг АНУ дахь Солонгосын бизнес эрхлэгчдийн танхимын удирдлага болон холбогдох хүмүүс нааштайгаар хүлээн авчээ.
Бүтээлч, шинийг санаачлагч, чадварлаг монгол залуучуудад дэлхийн түвшний мэдлэгийг эх оронд нь олгох зорилготой төслийг холбогдох төрийн байгууллагын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Энэ хүрээнд холбогдох албаны төлөөлөл Монгол Улсад өнгөрсөн долоо хоногт хүрэлцэн ирж, ахисан шатны сургууль байгуулах асуудлаар БСШУ-ны сайд Ц.Цогзолмаа, Нийслэлийн үйлдвэрлэл, инновацийн газрын дэд дарга Ж.Билэгсайхан, Монголын хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, байгаль орчны нийгэмлэгийн ТУЗ-ийн дарга Д.Батбаатар нартай уулзлаа. Уулзалтын үеэр БСШУ-ны сайд Ц.Цогзолмаа, Монгол залуучуудад дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн мэдлэг, чадвар олгохоор зорьж буйд талархаж буйгаа илэрхийлээд, энэхүү ажилд бүх талаар дэмжлэг үзүүлнэ гэв.
Хэрэв гарааны бизнес эрхлэгчдэд техник, технологи, инноваци мэдлэг олгох энэхүү сургууль байгуулагдвал олон улсад “толгой цохидог” Америк боловсролын загвар Монголд нутагших анхны жим болох юм.
Ингэснээр Монголын бизнес эрхлэгч, бүтээлч залуучууд дэлхийн боловсролыг дэргэдээсээ эзэмших боломжтой болох аж.