Үндэсний статистикийн хороо (ҮСХ)-ноос гаргасан Монгол Улсын боловсролын салбарын статистик мэдээллийг танилцуулж байна.
ҮСХ-ноос мэдээлснээр бүх шатны сургуульд суралцагчид 2017-2018 оны хичээлийн жилийн эхэнд нэг саяд хүрчээ. Энэ нь өмнөх оноос 27.9 мянгаар нэмэгдсэн үзүүлэлт юм.
Улсын хэмжээнд 2017-2018 оны хичээлийн жилд 1416 цэцэрлэгт 256.7 мянган хүүхэд хүмүүжиж байгаа нь өмнөх оноос цэцэрлэгийн тоо 62, хүүхдийн тоо 13.3 мянгаар нэмэгджээ.
Ерөнхий боловсролын 798 сургуульд 2017-2018 оны хичээлийн жилд 572.8 мянган сурагч өдрөөр суралцаж байна. Энэ нь өмнөх оноос сургуулийн тоо 20, суралцагчид 20.8 мянгаар нэмэгдсэн үзүүлэлт юм. Нийт суралцагчдын 309.4 мянга нь 1-5 дугаар ангид, 176.2 мянга нь 6-9 дүгээр ангид, 87.2 (15.2%) мянга нь 10-12 дугаар ангид суралцаж байна.
2017-2018 оны хичээлийн жилд мэргэжлийн сургалт, үйлдвэрлэл (МСҮТ)-ийн 83 төв үйл ажиллагаа явуулж байгаагийн 50 нь төрийн өмчийн, 33 нь хувийн өмчийн сургууль байна. Нийт МСҮТ-ийн 49 нь бие даасан, 19 нь коллежийн, зургаа нь дээд сургуулийн, ес нь их сургуулийн харьяа байна. МСҮТ-д 2017-2018 оны хичээлийн жилд 35.8 мянган суралцагчид суралцаж байгаа нь өмнөх оноос 4.3 мянгаар буурчээ.
2017-2018 оны хичээлийн жилд нийт 96 их, дээд сургууль, коллеж үйл ажиллагаа явуулж байгаагийн 18 нь төрийн өмчийн, 75 нь төрийн бус өмчийн, гурав нь гадаадын их сургуулийн салбар байна. Улаанбаатар хотод 89, хөдөө орон нутагт 7 их, дээд сургууль, коллеж үйл ажиллагаа явуулж байна.