“Дэлхийн цагаан таягтны өдөр” буюу хараагүйчүүдийн эрхийг хамгаалах өдөр өнөөдөр тохиож байна. Цагаан таягтнуудын олон улсын өдрийг “Хараагүй хүмүүсийн олон улсын холбоо”-ны санаачлагаар анх 1979 онд тэмдэглэжээ.
Энэ өдөр хараагүй иргэд өөрийн үзэл бодол дуу хоолойгоо төр засаг, олон нийтэд хүргэн, тулгамдаж байгаа асуудлуудаа хэлэлцэж, шийдвэрлэх арга замуудыг хайсаар ирсэн байна.
Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас 2018 оныг “Иргэний боловсрол”-ын жил болгон зарласантай холбоотой ИТХ-ын зүгээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар хэрэгжүүлж буй бодлого,
үйл ажиллагаандаа тэдний нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлтийн асуудал төдийгүй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ эрх, оролцоо, хөгжлийн асуудлыг нэн тэргүүнд авч үзэх зарчмыг үйл ажиллагааныхаа мөрдлөг болгон ажиллах,
Баянгол дүүргийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан үйлчилгээний ээлтэй орчинг бүрдүүлэх, санал санаачлагыг дэмжих, санал солилцох зэрэг нийгмийн харилцаанд адил тэгш оролцуулахад дэмжлэг үзүүлэх зорилго бүхий олон арга хэмжээг зохион байгуулж ажиллаж байна.
Мөн өнгөрсөн оны энэ өдөр Баянгол дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хараагүйчүүдийн үндэсний холбоо, Хараагүй иргэдийн хөдөлмөр сургалтын төвийн хажууд Харааны бэрхшээлтэй 90 айлийн шинэ орон сууц нээлтээ хийж 106 өрх айл шинэ байрандаа гал голомтоо бадраасан юм.
Хараагүй иргэдэд зориулсан орон сууцыг барих санаачлагыг анх УИХ-ын гишүүн С.Эрдэнэ гаргаж байсан бөгөөд 2015 онд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны сайдаар ажиллаж байхдаа Улсын төсвийн багцад 4 тэрбум 850 сая төгрөг суулгаж, барилгын ажлыг эхлүүлж байсан юм.
Өмнө нь 1986 онд хамгийн анх 48 айлын орон сууц ашиглалтад орж байснаас хойш 31 жилийн дараа харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан хамгийн том бүтээн байгуулалт болсон юм.
Ингэснээр Амгалан, Баянхошуунаас өдөр бүр ирдэг хараагүй иргэд үйлдвэрийнхээ дэргэд гэртэй болж, аливаа эрсдэлд өртөхөөргүй болсон юм.
Улсын хэмжээнд 116 мянган харааны бэрхшээлтэй иргэн байдаг бөгөөд тэдний тун цөөхөн хувь нь Хараагүйчүүдийн үндэсний холбоо болон Хараагүйчүүдийн хөдөлмөр сургалтын үйлдвэрт харьяалагддаг байна.
Дэлхийн цагаан таягтнуудын өдөр нь баяр биш харин хөгжлийн бэрхшээлтэй иргэд эгэл жирийн хүмүүстэй зэрэгцэн амьдарч буйг сануулах өдөр юм.