~Булган аймаг гамшгаас хамгаалах бэлэн байдалд шилжлээ~
Гамшгаас хамгаалах команд штабын сургууль зохион байгуулахтай холбогдуулан аймгийн Засаг даргын захирамжаар Булган аймгийн хэмжээнд 2018 оны 09 дүгээр сарын 10-14-ний өдрийг хүртэл гамшгаас хамгаалах өндөржүүлсэн байдлын зэрэгт шилжлээ.
Булган аймаг нь төвийн бүсийн хойд хэсгийн уулархаг мужийн ойт хээрийн бүс буюу газар хөдлөлтийн 7-9 баллын бүсэд байрладаг. 16 сум, 1 тосгон, 75 багтай, 62 мянган хүн амтай.
Уур амьсгалын өөрчлөлт, хүн амын шилжилт хөдөлгөөн, өсөлт, төвлөрөлтийн улмаас Булган аймагт тохиолдох аюулт үзэгдэл, ослын давтамж, учруулах хор хохирол сүүлийн жилүүдэд нэмэгдэх хандлагатай байна.
Тухайлбал, ган, зуд, гал түймэр, хүн, малын гоц халдварт өвчин, хүчтэй цасан болон шороон шуурга, үер, усны осол, газар хөдлөлтийн давтамж тогтмол тохиолдож байгаа юм.
Тийм ч учраас Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийн нэг зорилго нь тухайн бүс нутагт тохиолддог болон тохиолдож болзошгүй аюулт үзэгдэл, осол, гамшгийн үед тухайн аймгийн нутаг дэвсгэрийг орон нутаг өөрийн хүчээр авран хамгаалах,
сэргээн босгох боломж байгаа эсэхэд үнэлэлт дүгнэлт өгөх, гамшгаас хамгаалах төлөвлөгөөг турших, бодит нөхцөл байдал үүссэн нөхцөлд хариу арга хэмжээ авах чадвар эзэмшүүлэх, хүч хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх, ард иргэдийг гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд татан оролцуулахад чиглэгддэг.
Команд штабын сургуулийн үеэр сургуулийн цагийн байдлын дагуу зарлан мэдээллийн дохиогоор ажиллах, гамшгаас хамгаалах хүч хэрэгсэл, бэлэн байдлын төлөвлөгөөг тодотгох, бүлгээр ажиллах, дадлага сургуулиуд зохион байгуулна.
Дадлага сургуулиуд нь албад, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн оролцоог бүрэн нэмэгдүүлэх, гамшгийн үед тухайн аймаг, орон нутагт тулгамдаж болзошгүй асуудлыг өөрсдөөр нь тодорхойлуулах, үүнийгээ биечлэн дадлага хийлгэн баталгаажуулах зорилготой юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.