Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Халамжийн үйлчилгээний хэлтсийн хүүхдийн мөнгөн тэтгэмж хариуцсан мэргэжилтэн Г.Бямбалхам: -Хүүхдийн мөнгийг ямар зохицуулалтаар хэзээнээс олгож эхлэх талаар
Монгол Улсын Их хурлын 2016 оны 9-р сарын 7-ны өдрийн 38, Засгийн газрын энэ оны 1-р сарын 18-ны өдрийн 18 дугаар тогтоолоор баталсан Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох журам, 2016 оны 2-р сарын 1-ний өдрийн 83, энэ оны 7-р сарын 04-ны өдрийн 201 дугаар тогтоолын дагуу хүүхдийн мөнгөн тэтгэмжийг олгох ажлыг зохион байгуулж байна. Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох журамд Өрхийн амжиргааны төвшинг тодорхойлох судалгаанд хамрагдсан өрхийн 0-18 хүртэлх насны хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгоно гэж заасны дагуу мөнгөн тэтгэмжийг өгнө. Тодруулбал, энэ оны найм, ес, аравдугаар сарын хүүхдийн мөнгөн тэтгэмжийг энэ сарын 10-ны дотор олгож дуусгахаар төлөвлөсөн. Бүр нарийвчилбал, энэ оны 7-р сарын 4-ний өдрийн 201 дугаар тогтоолын дагуу он дуустал хүүхдийн мөнгө олгохоор төсөвлөсөн байгаа. Хамгийн гол нь бүх хүүхдэд гэдгийг тодотгох хэрэгтэй.
ЭНЭ САРЫН 10-НЫ ДОТОР НАЙМ, ЕС, АРАВДУГААР САРЫН МӨНГИЙГ ОЛГОЖ ДУУСГАХААР ТӨЛӨВЛӨЖЭЭ.
Монгол Улсын Засгын газрын 2016-2020 үйл ажиллагааны хөтөлбөр болон Монгол Улсын Засгийн газрын 18 дугаар тогтоолоор баталсан Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох журмын дагуу олгоно.
Шинэ төрсөн хүүхдийг нэн түрүүнд Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгүүлэх хэрэгтэй. Мөн иргэн, өрхийн мэдээллийн нэгдсэн сан болон арилжааны банкинд заавал хүсэлт гаргаж бүртгүүлэх нь чухал. Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох Засгийн газрын тогтоолд өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй нийт өрхийн хүүхэд бүрт мөнгөн тэтгэмжийг олгохоор заасан байдаг. Иймээс тухайн өрхөд шинээр төрсөн хүүхэд байвал бүртгүүлсэн сараас хүүхдийн мөнгө авах эрх нь нээлттэй болно. Харин 18 нас хүрсэн болон нас барсан, Монгол Улсын харьяатаас гарсан тохиолдолд хүүхдийн мөнгө авах эрхийг нь хасдаг. Нийгмийн халамжийн тухай хуулийн 13. 5. 8-д заасан гурав болон түүнээс дээш тооны 14 хүртэлх насны хүүхэдтэй өрх толгойлсон аав, ээжид жилд нэг удаа 120 мянган төгрөгийн тэтгэмж олгодог. Харин энэ оны 6-р сарын 30-ны өдрийн Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуульд өрх толгойлсон эх, эцэгт улирал бүр тэтгэмж олгохоор заасан. Энэ хуулийг 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөж эхэлнэ.