Газар эзэмших, ашиглах эрхийн нээлттэй дуудлага худалдааг энэ сарын 20-ны өдөр зохион байгуулах гэж байна.
Дуудлага худалдаа Нийслэлийн Төр захиргааны Хангарди ордны 14 давхрын хурлын зааланд болох бөгөөд Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Налайх, Багахангай, Багануур зэрэг 6 дүүрэгт үйлдвэрлэл үйлчилгээ, амины орон сууц, аялал жуулчлал, аж ахуй, орон сууц, зочид буудлын зориулалтаар 29 байршлын 134 га газрыг дуудлагаар худалдах юм.
Энэ удаагийн дуудлага худалдаа Барилга, хот байгуулалтын Сайдын 2018 оны нэгдүгээр сарын 25 өдрийн 15 дугаар тушаалаар шинэчлэн батлагдсан үнэлгээний аргачлалын дагуу явагдаж байгаагаараа онцлог юм. Өөрөөр хэлбэл, дуудлага худалдааны анхны үнийг 2015 онд хэт өндөр тогтоосон байсныг зах зээлийн үнэлгээнд ойртуулсан үнээр худалдахаар болж байгаагаараа онцлогтой.
Дуудлага худалдаагаар газар худалдаж авснаар иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу, техникийн нөхцөл саадгүй, архитектор төлөвлөлтийн даалгавар нь бэлэн газрыг авч байгаа юм. Өөрөөр хэлбэл, та тухайн газрыг дуудлага худалдаагаар авснаар байршил бүр дээр хийгдсэн бэлэн зураг төслийн дагуу барилгын ажлаа эхлүүлж, нэмэлт цаг зав, хөрөнгө мөнгө зарцуулалгүй ажлаа эхлүүлэх боломжтой болдгоороо давуу талтай.
Дэлгэрэнгүй мэдээллийг нийслэлийн Газрын албаны www.gazar.ub.gov.mn авах буюу 315712 утсаар лавлаж болно. Хэрвээ та дуудлага худалдаанд оролцох бол дараах материалыг бүрдүүлээрэй. Үүнд:
· Хүсэлт маягтаар гаргана.
· Иргэн бол иргэний үнэмлэхний хуулбар, аж ахуйн нэгж, байгууллага бол аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар;
· Дуудлага худалдаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг төлөөлж оролцох тохиолдолд нотариатчаар гэрчлүүлсэн итгэмжлэл;
· Улсын тэмдэгтийн хураамж 12500 төгрөг;
· Дуудлага худалдааны анхны үнийн 10 хувьтай тэнцэх мөнгийг дэнчин болгон тушаасан баримт; /Нийслэлийн Төрийн сан банкны 100200051049 тоот дансанд тушаана. Хүлээн авагч: Нийслэлийн Газар алба, Зориулалт: Дэнчингийн үнэ/