БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжих Монгол Улсын говийн мазаалай баавгайг хамгаалах техникийн туслалцаа үзүүлэх төсөл хэрэгжүүлэх хэлэлцээрт гарын үсэг зурах ёслол 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд боллоо.
Энэхүү хэлэлцээрт Монгол Улсын БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Г.Нямдаваа, БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Худалдаа, эдийн засгийн зөвлөх Сун Вэрэн нар гарын үсэг зурлаа.
Гарын үсэг зурах ёслолын арга хэмжээний үеэр Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Ц.Батбаяр, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын хэргийг түр хамаарагч Ян Чиндун нар баяр хүргэж үг хэллээ.
~”Говийн Мазаалайг хамгаалах” төсөлд гарын үсэг зурлаа~
Энэхүү хэлэлцээрийн дагуу Хятадын тал Монголын талтай хамтран Мазаалай баавгайн амьдрах орчны менежментийн төслийн судалгаа, Мазаалай баавгайн амьдрах орчны экологийн чанарын үнэлгээний судалгаа, хүнсний ургамлын популяцын судалгаа болон биологийн олон янз байдлын мониторингийн судалгааг хийж гүйцэтгэх бөгөөд Монголын Их говийн тусгай хамгаалалттай газарт техникийн болон мэргэжлийн хүмүүст газар дээрх сургалт зохион байгуулах, БНХАУ-д хоёр удаагийн сургалт зохион байгуулах; төсөлд шаардлагатай тоног төхөөрөмж, материалаар хангах; төслийн хэрэгжилтийн хугацаанд Мазаалай баавгайн тэжээлд зориулан жилд 20 тонн улаан буудайн үр олгох бөгөөд төслийн нийт өртөг 11.63 сая юанийн санхүүжилттэй гурван жилийн хугацаанд хэрэгжинэ.