Энэ сарын 27-ны өдөр Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын тавдугаар багийн нутаг дэвсгэр “Хүнхэр шанд” гэх газарт нутаглаж байсан, алдарт уяач С.Ганхуягийн нэрэмжит хурдан морь унадаг хүү боомилж нас барсан байдалтай олджээ.
Хэргийг тодруулбал, тус алдарт уяачийн унаач 13 настай Р гэх хүү морины зүчээнд малын уяагаар хоолойгоо боосон байдалтай нас барсан байсныг хөрш айлын хүн олж, цагдаад дуудлага мэдээлэл өгчээ.
Хэргийн талаарх дуудлага мэдээллийг анх 17:00 цагт ирүүлсэн бөгөөд цагдаагийн бие бүрэлдэхүүн хэргийн газарт очиход хүү амьсгал хураагаад, хэдэн цаг болсон байсан аж. Хэргийн газрын үзлэг шинжилгээгээр авагдсан нотлох баримтуудыг хэрэгт хавсаргасан талаар албаныхан мэдээлэв.
Урьдчилсан байдлаар хүү мал уядаг урт уяагаар хоолойгоо боосны улмаас нас барсан дүгнэлт гарчээ. Уг хэрэгт холбогдуулан уяач болон хөршүүдээс мэдүүлэг, тайлбар авч байгаа аж. Дорнод аймгийн цагдаагийн газарт хэрэг бүртгэл үйлдэн, мөрдөн шалгаж эхэлсэн байна.
Хүү сэтгэл санааны дарамтад байсан нь өөрийгөө боомилох шалтгаан нөхцөл болсон гэх мэдээлэл байна. Харин ѳѳрийгѳѳ боомилсон эсэхийг цагдаагийн алба хаагч нар эцэслэн тогтоох юм.