Засгийн газрын энэ оны нэгдүгээр сарын 31-ны хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн нутагт байрлах зорчигч тээврийн “Драгон” вокзалыг Авто худалдааны цогцолбор руу шилжүүлэхээр шийдвэрлэсэн билээ.
Үүний хүрээнд тус цогцолборт “Хангарьд” олон улс, хот хоорондын автобус терминал, олон улсын худалдаа логистикийн төвийг байгуулахаар болжээ.
Энэхүү төслийн хүрээнд баригдах шинэ авто вокзал нь Улаанбаатар хотоос аймаг орон нутаг болон Улаан-Үүд, Эрээн хотын хооронд зорчих зорчигчдод олон улсын жишигт хүрсэн үйлчилгээг үзүүлэх орчин үеийн шилдэг шийдэлтэй төв байх аж. Тийз борлуулах үйлчилгээг дотоодын болон гадаадын аялагч, жуулчдад хялбар хүргэх үүднээс бүрэн автомат онлайн худалдааны сүлжээг нэвтрүүлэх юм байна. Зорчигч тээврийн маршрут болон цагийн хуваарь нь ухаалаг програмаар зохицуулагдаж авто вокзал дээр түгжрэл, давхардлыг үүсгэхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх аж.
Нийт 24 автобусны гарцтай, 4200 ам метр талбай байхаар төлөвлөжээ. Мөн тус авто вокзалын дэргэд орон нутгийн зорчигч болон нийслэлийн иргэдэд зориулсан төрөл бүрийн хүнс, барааны бөөний зах байгуулахаар төлөвлөсөн байна. Бөөний худалдааны төв нь нийт 24000 ам метр талбайг хамарч 16-20 ам метр бүхий нийт 800 павильонтой байх аж. Мөн тус захтай залгаад 3000 ам метр агуулахын байр барихаар төлөвлөжээ. Барилгын ажил ирэх жилийн дөрөвдүгээр улиралд дуусч, ашиглалтад бүрэн орох юм байна.
Энэ талаар Нийслэлийн Засаг дарга С.Батболд “Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах үүднээс үе үеийн хотын дарга нар тодорхой ажлуудыг санаачлан зохион байгуулж ирсэн. Үүний нэг нь хотын шинэ суурьшлын бүсүүд рүү захуудыг нүүлгэх ажил юм. 2014 онд нийслэлийн төсвөөс 20 гаруй тэрбум төгрөг гаргаж энэ цогцолборыг байгуулсан. 2016 онд энэ цогцолборын үйл ажиллагаа зогсонги болсон байсан. Нийслэлээс мэргэжлийн байгууллагуудтай хамтран ил задгай авто машины худалдааг хотоос нүүлгэсэн. Үүний үр дүнд цогцолборын үйл ажиллагаа сэргэж өнөөдрийн байдлаар 2300 орчим машин худалдаалагдахаар байршсан байна. Авто худалдааны цогцолборын бүтцийг өөрчилж, хувьцаат компани болгосноор гадна, дотны хөрөнгө оруулалтыг татах томоохон боломж бүрдэж байгаа. Энд зөвхөн авто худалдааны үйлчилгээ биш олон улсын логистикийн төв, зорчигч тээврийн төв, худалдааны төв болгох зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Дэд бүтэц шийдэгдсэнээр энд төвлөрөл, суурьшил бий болох боломжтой” гэсэн юм.