Байлдааны хориглолтын зориулалт бүхий хоёр ширхэг гранатыг аюулгүй болгосон байна. Тодруулбал, энэ сарын 12-ны пүрэв гаригийн 15:45 цагт Онцгой байдлын албанд Нийслэлийн Багануур дүүргийн наймдугаар хороонд иргэн С-ийн зуны амбаар дор хоёр ширхэг гранат байна гэсэн дуудлага иржээ.
Тус дуудлага дагуу Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн нэг, Цагдаагийн хэлтсийн тав, Зэвсэгт хүчний жанжин штабын Тусгай томилолтын 084 дүгээр ангийн таван алба хаагч ажиллаж, байлдааны хориглолтын зориулалт бүхий гал үүсгэгчгүй F1 загварын 2 ширхэг гранат байсныг аюулгүй болгожээ.