Манай улс 1953 онд малын чанар сайжруулах үржлийн ажилд малын нөхөн үржихүйн биотехнологийн хамгийн хямд, оновчтой, хялбар аргын нэг болсон зохиомол хээлтүүлгийн үйлчилгээг анхлан нэвтрүүлж, 1958 онд “Малын зохиомол хээлтүүлгийн төв станц”-ийг байгуулсанаар одоогийн Малын удмын сангийн үндэсний төвийн суурь тавигдсан билээ.
1980-1990-ээд оны үед эрчимжсэн мал аж ахуй бүхий бүс нутгуудад зохиомол хээлтүүлгийн өргөн цар хүрээг хамарсан ажил, үйлчилгээ явуулж чадаж байсан тэр түвшинд хүргэхэд малын генийн санг бүрдүүлэх, арвижуулах, мал үржлийн дэвшилтэт арга технологийг нэвтрүүлэх, үр үйлдвэрлэлийг технологийн түвшинд явуулахад материаллаг бааз, хүний нөөцийнх нь хувьд бэхжүүлэх шаардлага нэн тэргүүнд тавигдаж байсныг Монгол улсын Засгийн газар анхаарч “Монгол мал” хөтөлбөрийн хүрээнд орчин үеийн дэлхийн жишигт нийцсэн “Малын удмын сангийн үндэсний цогцолбор”-ыг шинээр байгуулах томоохон зорилтыг дэвшүүлсэн билээ. Энэхүү зорилтын хүрээнд МУЗГ-ын 2012-2016 оны Үйл ажиллагааны хөтөлбөрт “Малын удмын сангийн үндэсний цогцолбор”-ыг Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт шинээр байгуулахаар тусган хэрэгжүүлж байгаа билээ.
Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг Буурлын энгэр хэмээх сайхан газарт хийж байгаа цогцолборын эхний ээлжийн ажлын гүйцэтгэж дуусаад 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Дархан-Уул аймгийн Засаг даргын захирамжаар томилогдсон барилга, байгууламжийг Байнгын ашиглалтад авах Улсын комисст хүлээн захиргаа, үйлдвэрлэл, малын зориулалттай 18 барилгыг инженерийн иж бүрэн шугам сүлжээний хамт хүлээн авлаа. Цогцолборыг байгуулахад 2011-2017 онд нийт 16,2 тэрбум төгрөгийг улсын төсвөөс зарцуулсан байна.
Өчигдөр Малын удмын сангийн үндэсний төвийн захирал Д.Цолмон, Үйлдвэрлэл, технологи, цогцолборын Ашиглалтын өмнөх албаны дарга Я.Оюунбилэг, Төвийн бүс хариуцсан мэргэжилтэн Бархасбад нар Дархан-Уул аймагт ажиллаж, Монголын мал аж ахуйн салбарын үржүүлэг, биотехнологи, нөхөн үржихүйн ажил үйлчилгээ, цөм сүргийн мал бүхий орон нутгийн салбаруудын үйл ажиллагаа болон шинээр байгуулагдаж буй Малын удмын сангийн үндэсний цогцолборын үйл ажиллагаа эхэлснээр Дархан-Уул аймагтай хэрхэн ажиллах чиглэлээр ярилцлага зохион байгууллаа.
Дархан-Уул аймгийн тухайд төвийн бүсийн тулгуур төв, Монгол улсын таримлын болон малын генийн сан энэхүү аймагт төвлөрөн байрлах болсноор Монгол улсын бүсчилсэн хөгжлийн бодлого, Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогын баримт бичгүүдэд нийцүүлэн төвийн бүсэд газар тариалантай хосолсон эрчимжсэн, хагас эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхэд олон таатай нөхцлүүд бүрдэх юм. Аймгийн зүгээс энэхүү цогцолбороо түшиглэн эрчимжсэн мал аж ахуйн бүс нутгийг тогтоон генийн сангийн үрийн нөөцийг нэмэгдүүлж, биотехнологийн дэвшилтэт арга, технологиор үржүүлэгт ашиглан, арвин ашиг шимтэй малыг бий болгоход мэргэжлийн зүгээс дэмжлэг үзүүлэхийг хүссэн юм.