Хэнтий аймаг дахь Цагдаагийн газраас санаачлан мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор өнгөрөгч 11 дүгээр сарын 1-ээс энэ сарын 10-ныг хүртэлх 40 хоногийн хугацаанд “Хяналт шийдвэрлэлт-2016” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж дүгнэжээ.
Энэхүү арга хэмжээний хугацаанд мал хулгайлах гэмт хэрэг буурсан байна. Байнгын постонд ажилласан алба хаагчид тухайн сард үйлдэгдсэн малын хулгайн хоёр, өмчийн хулгайн дөрөв, танхайн нэг, бусад төрлийн нэг гэмт хэргийг хяналт шалгалтаар илрүүллээ. Харин хөдөлгөөнтөөр ажилласан ажлын хэсгүүд урьд саруудад үйлдэгдсэн малын хулгайн гурван хэргийг нөхөн илрүүлсэн.
Шалган нэвтрүүлэх постуудаар 12034 тээврийн хэрэгсэл, 29883 зорчигчийг шалган, 82097 мал, мах, 369.8 м3 мод, 70 тн жоншны гарал үүслийг баталгаажуулан нэвтрүүлжээ. Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 684, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон найм, гарал үүслийн гэрчилгээгүй мал, мах тээвэрлэсэн 30, зохих зөвшөөрөлгүйгээр ан агнасан гурав, мод бэлтгэсэн гурав нийт 728 зөрчил илрүүлэн, зөрчил гаргагч 723 иргэнийг 22.1 сая төгрөгөөр торгон, мод 1.5 м3, хуш модны самар 3 тн, ан амьтан тав, галт зэвсэг хоёр, согтууруулах ундаа 30 ширхэгийг хураан авчээ. Энэ хүрээнд 22843 иргэнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөгөө, сэрэмжлүүлэг хүргэсэн байна.
Хяналт шалгалтын хүрээнд зөрчил гаргагчдад 7.5 сая төгрөгийн нөхөн төлбөр тавьж, 189 иргэнээс улсын төсөвт 16.8 сая төгрөгийн, орон нутгийн төсөвт 198.1 сая төгрөгийн татварыг нөхөн төвлөрүүлсэн байна гэж Хэнтий аймаг дахь Цагдаагийн газраас мэдээллээ.
Тус арга хэмжээний үеэр аймгийн Онцгой байдлын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Мэргэжлийн хяналтын газар, Татварын хэлтэстэй хамтран Хэрлэн, Дэлгэрхаан, Цэнхэрмандал, Өмнөдэлгэр, Баян-Овоо, Батноров, Галшар, Дархан сумын нутаг дэвсгэрийн хөл хөдөлгөөн ихтэй газруудад байнгын хяналтын ес, хөдөлгөөнт эргүүлийн хоёр пост гарган, цагдаагийн 61, онцгой байдлын тав, мэргэжлийн хяналтын 12, байгаль орчны 12, татварын гурав, хүнс хөдөө аж ахуйн 13, нийт 106 алба хаагч үүрэг гүйцэтгэсэн байна.