МҮЭ-ийн холбооны 2017 оны “Тэргүүний гишүүн байгууллага” Монголын төмөр замчдын ҮЭ-ийн холбоо ажлын сайн арга туршлагаасаа аймаг, нийслэлийн ҮЭ-ийн холбоодын удирдлагуудад мэдээлэл өглөө.
Тус холбоо нь 15990 гишүүнтэй, ажлын албаны долоон ажилтан, анхан шатны 58 хорооны дарга, 770 гаруй идэвхтэн сонгуультантай. МТЗ-чдын ҮЭ-ийн холбоо нь анхан шатны ҮЭ-ийн хороодоор дамжуулан шинээр ажилд орсон хүмүүсийг хүлээн авч уулзан хамтын гэрээ, ҮЭ-ийн гишүүн болсны давуу тал зэргийг сурталчилан гишүүнчлэлдээ элсүүлж, ҮЭ-ийн цахим батлах олгодог байна.
Монгол-Оросын хувь нийлүүлсэн УБТЗ нийгэмлэг, МТЗ-чдын ҮЭ-ийн холбооны 2016-2017 оны Хамтын гэрээний хэрэгжилт 99.3 хувийн хэрэгжилттэй дүгнэгдсэн байна. Нийт гишүүдээсээ Хамтын гэрээнд тусгуулах саналыг авч нэгтгэн 2018-2019 оны шинэ Хамтын гэрээгээ байгуулах ажлаа эхлүүлээд байгаа аж.
Тус холбоо нь гишүүдийнхээ нийгмийн баталгааг хангах чиглэлээр багагүй ажил хийсэн. Тухайлбал, өнгөрсөн онд л гэхэд 254 хүнд 26 сая гаруй төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлж, ажилчдыг амралт сувилалд хөнгөлөлттэй нөхцөлөөр амруулах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлсэн байна.
МТЗ-чдын ҮЭ-ийн холбоо нь Олон улсын тээврийн ажилтнуудын холбоо, Олон улсын хөдөлмөрийн эв санааны төвийн гишүүн байгууллага юм. БНСУ, Япон улстай хамтран ажиллах гэрээний дагуу тус улсуудад ажлын айлчлал, сургалтанд хамрагдсан байна. Үүний үр дүнд энэ оны есдүгээр сард ICLS-ийн бага хурлыг өөрийн орондоо зохион байгуулах эрхийг гардан аваад байна.
Тус холбооны зүгээс санаачилан гаргаж буй цахим батлахыг гар утас болон таблет компьютераасаа нэвтэрч бүх төрлийн мэдээллийг авах боломжтой юм. Тухайлбал МТЗ-чдын ҮЭ-ийн холбооноос явуулж буй үйл ажиллагааг шуурхай хүлээж авахаас гадна нэр бүхий зарим байгууллагаар хөнгөлөлттэй үйлчлүүлэх, гишүүнчлэлийн мэдээлэл зэргийг цогцоор багтаасан байна.
Ингэхдээ хөтөч аппликейшн ашиглан интернэтгүй үед ашиглаж болох давуу талтай юм.