“Монгол төрийн уламжлалыг сэргээх үндэсний хөдөлгөөн”-өөс дөрөвдүгээр сарын 12-нд улс орон даяар төрийн өндөр албан тушаалтнуудын авлигын эсрэг жагсаалыг хийнэ гэлээ.
“Монгол төрийн уламжлалыг сэргээх үндэсний хөдөлгөөн”-ий тэргүүн Ш.Баярсайхан “Бүх ард түмэн санаа зорилгоо нэгтгэж төрөө цэвэрлэе гэж уриалж байна. Төр цэвэр байх ёстой. Үүний тулд үндсэн хуулиар олгогдсон эрх, эрх чөлөөгөө эдэлж улс орон даяар жагсаал зохион байгуулах гэж байна. Та бүхэн дөрөвдүгээр сарын 12-ний өдрийн 06-14 цагийн хооронд төв талбайд цугларч хувьсгалыг хамтдаа эхлүүлээрэй. Хувьсгал гэдэг нь өөрчлөлт, шинэчлэл гэсэн үг юм. 1990 оны хувьсгалаар ард түмэн төрийг авсан шиг, авна. Өгөх ёстой, авах ёстой цаг үе ирээд байна. Төрийн гурван өндөрлөг, 76 гишүүдэд хандаж хэлэхэд, төрийг хүлээлгэж өгөх цаг чинь болсон.
Төрт ёсны уламжлал болон үндэсний аюулгүй байдал алдагдаж байна. Төр цэвэр байх чадамжаа алдсан. Тиймээс чадамжгүй төрийг цэвэрлэе гэсэн уриалга гаргаж байгаа юм. Би болон манай хөдөлгөөнийхөн төрийг авахдаа бус хойч үедээ цэвэр бүтэн төрийг өвлүүлэн үлдээх үндсэн зорилготой юм. Би ийм л зорилгыг өвөртөлж Америкаас ирсэн. Энэ зорилгоо биелүүлэх санааг 2017 онд анх эхлүүлж байлаа. Бидний ард ямар нэгэн нам, улс төрийн хүчин байхгүй. Төрийн өндөрлөгт гарсан луйварчид төрийг өгөхгүй гэж улайран зүтгэх байх. Гэхдээ та нараас авах болно. Та нар өгөх ч болно. Үүний дараа буюу хоёр дахь шатанд суулт хийх болно. Ард түмэн нэг нэгээрээ улам бүр нэмэгдэнэ. Гурав дахь шатны шаардлагыг бүх ард түмнээс асууж байж явуулна. Нэг үгээр хэлбэл бүх шийдвэрийг ард түмэн гаргах ёстой.
Дөрөвдүгээр сарын 12-ны жагсаалыг тайван замаар хийх учир 14 цагт хаалтаа хийнэ. Хаалтаа хийсний дараа төрийн гурван өндөрлөг болон 76 гишүүн тус бүрт шаардлагаа хүргүүлнэ. Төрийн эрхийг ард түмний гарт шилжүүлэхийг шаардсан үндсэн зорилгыг агуулсан байгаа юм. Үүний дараа салбар бүрээс шилдгүүдээ сонгож онц бүгд хурлаа хийнэ. Тус хурлаас иргэн төрийн дээд харилцааг үүсгэх ардчилсан замаар ард түмэн шинэчлэл хийх хэрэгтэй. 1990 онд сайхан ардчиллыг эхлүүлж чадсан мөртөө яагаад гажуудуулсныг иргэд надаар хэлүүлэлгүй сайн мэдэж байгаа. Тиймээс ард түмнийг элдэв янзаар өдөөн турхирахгүй тайван аргаар жагсана” гэв.