Нүүр хуудас Нийгэм Монгол Улсад анх удаа “Дэлхийн мал аж ахуйн төлөөлөгчид” чууллаа

Монгол Улсад анх удаа “Дэлхийн мал аж ахуйн төлөөлөгчид” чууллаа

156
0
delhiin-mal-aj-ahuin-toloologchid
“Даян дэлхийн тогтвортой мал аж ахуйн хөтөлбөрийн олон талт түншүүдийн 8 дахь удаагийн уулзалт” явагдаж байна
Монгол Улсад анх удаа “Дэлхийн мал аж ахуйн төлөөлөгчид” чууллаа

“Даян дэлхийн тогтвортой мал аж ахуйн хөтөлбөрийн олон талт түншүүдийн 8 дахь удаагийн уулзалт” Монгол Улсад анх удаа 2018 оны 6 дугаар сарын 11-15-ны өдрүүдэд болж байна.

2017 оны 5 дугаар сард Африкийн Этиоп Улсад болсон Даян дэлхийн тогтвортой мал аж ахуй хөтөлбөрийн олон талт түншүүдийн 7 дугаар хуралд Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд оролцох үеэрээ 2018 онд болох ээлжит хурлыг өөрийн улсад зохион байгуулах санал тавьсны дагуу ДДМААХ-өөс манай улсад зохион байгуулахаар шийдвэрлэжээ.

Улаанбаатар хот, “Рэд рок” ресорт, Конференц центрт болох энэ удаагийн 8 дугаар уулзалтад даян дэлхийн тогтвортой мал аж ахуйн түнш 34 орны 120 гаруй төлөөлөгчид, бүс нутгийн улсуудын Хөдөө аж ахуйн сайд нар, Монгол Улсын төрийн болон төрийн бус байгууллага, холбогдох бусад албаныхан зэрэг 200 гаруй зочид, төлөөлөгчид оролцож байна.

Олон улсын хурлын Зочид, төлөөлөгчид “Тогтвортой хөгжил-нүүдлийн мал аж ахуй” сэдвийн дор таван өдрийн турш чуулах бөгөөд даян дэлхийн түвшинд, Берлиний ногоон долоо хоног болон НҮБ-ын цаг уурын өөрчлөлтийн 23 дугаар их хурлаар тодорхойлсон зорилтуудыг хэрэгжүүлэхэд ДДМААХ-ийн оруулах хувь нэмрийн талаар хэлэлцэнэ.

~Монгол Улсад анх удаа “Дэлхийн мал аж ахуйн төлөөлөгчид” чууллаа~

Бүс нутгийн болон үндэсний түвшинд, НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангахад бэлчээрийн мал аж ахуйн оруулах хувь нэмэр, ач холбогдол, байгаль орчинд ээлтэй, өрсөлдөх чадвартай мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэж, тодорхой шийдэлд хүрнэ.

Тодруулбал, уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарал эрчимтэй явагдаж буй энэ цаг үед нүүдлийн болон бэлчээрийн мал аж ахуй эрхлэхэд тулгарч буй сорилт, түүнийг даван туулах арга замын талаар нухацтай авч үзэх аж.

Монгол Улсын Их хурал, Засгийн газрын зүгээс өөрийн орны онцлог, нөхцөлд тохирсон бэлчээрийн хууль эрх зүйн орчныг бий болгож мөрдүүлэх, малын тоо биш чанарт анхаарч, нэгж малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэх бодлого барьж, тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлж байна.

Малын эрүүл мэндийг сайжруулан, эрүүл малаас баталгаатай, чанартай хүнс, түүхий эд үйлдвэрлэн хэрэглэгчдийг хангах, улмаар экспортыг тогтвортой нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байна.

Эдгээр бодлого, зорилтыг биелүүлэхийн тулд үндэсний болон олон улсын байгууллага, эрдэм шинжилгээний институтитэй хамтран ажиллаж, төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлж байна.

“Даян дэлхийн тогтвортой мал аж ахуйн хөтөлбөрийн олон талт түншүүдийн 8 дахь удаагийн уулзалт”-ыг Монгол Улсад зохион байгуулснаар нүүдлийн мал аж ахуйн онцлог, уламжлалт ёс заншлаа олон улсад сурталчлан таниулах, мал аж ахуйн салбарт баримталж буй бодлого, төсөл хөтөлбөрүүдийнхөө талаар гадны төлөөлөгчид танилцуулж, улмаар хөрөнгө оруулалт татах боломж бүрдэх юм.

Товчхондоо бол НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангахад мал аж ахуйн салбарын оруулах хувь нэмрийг Монгол Улсаар төлөөлүүлэн дэлхий нийтэд харуулна гэдгийг зохион байгуулагчид онцолж байна.

Даян дэлхийн тогтвортой мал аж ахуйн хөтөлбөр нь мал аж ахуйн салбарын тогтвортой хөгжлийг хангах, салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор 2011 онд үүсгэн байгуулагдсан.

Дэлхийн банк, НҮБ-ын ХХААБ, Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллага зэрэг олон улсын байгууллага, улс орнуудын Засгийн газар, Засгийн газар хоорондын байгууллага, хандивлагчид, иргэний нийгэм, сургалт, судалгааны институц зэрэг дэлхий даяар 104 гишүүн байгууллагатай.

НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудад, ядуурлыг устгах, өлсгөлөнг зогсоох, эрүүл мэндийг дэмжих, эдийн засгийн өсөлт, баталгаат ажлын байр бий болгох, хариуцлагатай хэрэглээг дэмжих, уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөөг багасгах, хуурай газрын экосистемийг хамгаалах, хөгжлийн төлөөх түншлэлийг бэхжүүлэх зэрэг зорилт тусгагдсан байдаг.

Эдгээр зорилтыг хэрэгжүүлэхэд мал аж ахуйн салбарын оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх нь уг хөтөлбөрийн гол зорилго юм.

Энэ ч үүднээс хүнсний болон тэжээлийн аюулгүй байдлыг хангах, малчид, фермерүүдийн амьжиргааг дэмжих, тэдэнд эдийн засгийн боломж олгох, байгалийн нөөцийг зохистой ашиглах дадалд сургахад үйл ажиллагаагаа чиглүүлж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here