Нүүр хуудас Нийгэм Морингийн даваа орчмын хорио цээрийн дэглэм цуцлагдлаа

Морингийн даваа орчмын хорио цээрийн дэглэм цуцлагдлаа

147
0

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн боллоо. Уламжлал ёсоор Улаанбаатар хотын өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын мэдээллийг холбогдох албаныхан өглөө. Нийслэлийн Онцгой байдлын газраас өгсөн мэдээллээр Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн А/316 дугаар захирамжаар 10 хорооны нутаг дэвсгэр Морингийн даваа орчмын шүлхийн хорио цээрийн дэглэмийг цуцалж, өдөр тутмын хэвийн үйл ажиллагаанд шилжүүлсэн байна. Харин Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан, нийслэлийн Засаг даргын захирамжаар хүн, мал амьтны гоц халдварт өвчин тархахаас урьдчилан сэргийлж, Онцгой комиссын гишүүдийг хорио цээрийн дэглэм тогтоосон бүсүүдэд хэрэгжүүлж байгаа арга хэмжээнд хяналт тавих, удирдлагаар хангах шуурхай штабыг 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс байгуулан 24 цагаар үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа юм.

Нийслэлийн Онцгой байдлын газар 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс 22-ны өдрийг хүртэл аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын 56 удаагийн дуудлагыг хүлээн авч, Гал унтраах, аврах ангиуд, объектын гал түймрийн 50, техникийн холбогдолтой осол, аврах ажиллагааны 6 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ. Дээрх дуудлагыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад объектын гал түймэр 9,1 хувиар, техникийн холбогдолтой осол, аврах ажиллагааны дуудлага 64,7 хувиар, нийт аюулт үзэгдэл техникийн холбогдолтой ослын тоо 22,2 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна.

Нийслэлийн цагдаагийн газраас өгсөн мэдээллээр 14 хоногийн хугацаанд гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн ослын шинжтэй 24 мянга 410 дуудлага, мэдээлэл хүлээн авсан нь өмнөх 14 хоногтой харьцуулахад 573 нэгж буюу 2.3 хувиар буурсан бол гэмт хэргийн шинжтэй 928 үйлдэл бүртгэгдсэн нь 215 нэгж буюу 30.2 хувиар өссөн үзүүлэлттэй аж. Захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн тухайд энэ хугацаанд согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн, биеэ авч явах чадваргүй 1777 хүнийг эрүүлжүүлэн, Архины албадан эмчилгээнд 3 хүнийг хамруулж, Зөрчлийн тухай хуулийн дагуу 32 хүнийг шүүхийн шийдвэрээр баривчлуулан, 2324 иргэнд 74 сая 274 мянган төгрөгийн торгууль оногдуулсан байна.

2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс 09 дугаар сарын 21-ны өдрүүдэд Замын цагдаагийн албаны Мэдээлэл шуурхай удирдлагын хэлтэст 3663 дуудлага мэдээлэл ирснээс хүн гэмтсэн хэргийн шинжтэй 132, зөрчлийн шинжтэй 1024 дуудлаганд очиж хойшлуулшгүй ажиллагаа явуулан, 1156 ослыг материалжуулан шалгаж байна. Зам тээврийн хэргийн улмаас 1 хүний амь нас хохирч, 173 хүн гэмтжээ. Нийслэлийн хэмжээнд зам тээврийн осол 3,8 хувиар өссөн ба ХУД-ийн нутаг дэвсгэрт зам тээврийн осол харьцангуй их өссөн байна. 2016 оны мөн үед согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 706 бүртгэгдэж байсан бол энэ оны мөн үед 690 бүртгэгдсэн нь 2,3 хувиар буурч, өнгөрсөн онд 102 тээврийн хэрэгсэл түр саатуулагдаж байсан бол энэ оны мөн үед 50 тээврийн хэрэгсэл саатуулагдсан нь 51,0 хувиар буурсан байна.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар дээрх хугацаанд төлөвлөгөөт шалгалт 78, төлөвлөгөөт бус 336, гүйцэтгэлийн 114, нийт 528 хяналт шалгалт хийсэн байна. Шалгалтаар илэрсэн зөрчилд 24 сая төгрөгийн торгууль ноогдуулж, 80 хувийг нь барагдуулжээ. Авто тээврийн шалган нэвтрүүлэх 8 товчоонд 14 удаагийн тохиолдлоор 70 ширхэг тарваганы түүхий мах илрүүлж, 1 иргэнд 150.0 мянган төгрөгийн торгуулийн шийтгэл ногдуулж тарвагыг ЗӨСҮТ-д, хэргийг цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна. Мөн зорчигчдод тарваган тахал, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, гарын авлага тараажээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here