Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас “Хүнс комплекс” ХХК, “Очир дагинас” ХХК, “Хосгарьд” ХХК, “Тун од” ХХК, “Дөрвөн од интернэшнл” ХХК-иудын хиам, махан бүтээгдэхүүний үйлдвэрүүдэд төлөвлөгөөт хяналт шалгалт хийж, эрсдэлийн үнэлгээ хийхэд 4 үйлдвэр дунд, 1 үйлдвэр бага эрсдэлтэй үнэлэгджээ.
Шалгалтаар бэлэн болон дамжлага дундын бүтээгдэхүүн, түүхий эдийг хамт хадгалсан дамжин бохирдол үүсэх эрсдэлтэй, үндсэн түүхий эд махны чанар, аюулгүй байдлын баталгаажилт шаардлага хангахгүй, бүтээгдэхүүний шошгоны мэдээлэл зөрүүтэй, дотоодын хяналт хангалтгүй зэрэг зөрчил дутагдал илэрсэн байна.
Иймд “Зөрчлийн тухай” хуулийн холбогдох заалтын дагуу торгууль ноогдуулан, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах албан шаардлага хүргүүлэхээр боллоо.
Мөн шалгалтад хамрагдсан аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага, технологич, эрүүл ахуйч, инженер техникийн ажилтан, лабораторийн эрхлэгч нарт мэргэжил аргазүйн болон хууль эрхзүйн чиглэлээр зөвлөгөө өгчээ.