Нийслэлийн Замын сангийн 2.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Налайх дүүргийн 2 дугаар хороо, 63 дугаар байрнаас Мянганы зам хүртэлх шинээр барих 1.7 км авто замын ажлын явцтай хотын дарга С.Амарсайхан танилцлаа.
“Замын траст өртсөн найман граж, дөрвөн айлын хашаа байгаа. Дүүргийн Засаг дарга чөлөөлж өгөхөөр болсон. Ямар нэгэн асуудалгүй. Тулгараад байгаа нэг асуудал нь замын доогуур 280 метр орчим цахилгааны шугам давхцсан байгаа. Үүнийг шилжүүлэх ажил хүлээгдэж байна. Хэрэв яаралтай шилжүүлчихвэл ирэх долоодугаар сарын 1 гэхэд ашиглалтад хүлээлгэн өгөх боломжтой” гэдгийг гүйцэтгэгч компанийн удирдлагууд танилцуулав.
Хотын Захирагч С.Амарсайханы зүгээс нийслэл, дүүргээс шалтгаалах, шаардлагатай ажлуудаа уялдуулаад ажлаа түргэвчилэх үүргийг өглөө.
Тухайн замын ажлыг Билэгт зам ХХК гүйцэтгэж байгаа аж. Уг зам нь долоон метрийн өргөнтэй, хоёр эгнээ, хоёр талдаа тус бүр 1.5 метрийн өргөн явган хүний замтай, гэрэлтүүлэгтэй байх ажээ.