Урин хавар айлчлан ирж, өдөр шөнө тэнцсэн өдөр буюу 03 сарын 22-ны өдөр тохиодог Казах түмний уламжлалт нарны буюу Наурызын баярын хүндэтгэлийн арга хэмжээ /2019-03-20/-ний өдөр Налайх дүүргийн Соёлын ордонд боллоо.
Олон ястны өлгий гэгддэг Налайх дүүрэгт 2 үндэстэн, 22 угсаатан, ястан байдаг бөгөөд нийт иргэдийн 15 гаруй хувийг Казах иргэд эзэлдэг байна.
Наурызын баярын хүндэтгэлийн үйл ажиллагаанд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй, Засаг дарга Ч.Раднаабазар, ИТХ-ын Ажлын албаны дарга А.Булбул, ЗДТГ-ын дарга Ж.Алтангэрэл болон ИТХ-ын төлөөлөгч К.Сейтхан, С.Манатбек, М.Эгэз, Ц.Эрбол нар оролцож, баярын мэндчилгээ дэвшүүлсэн юм.
нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан хэлсэн үгэндээ “Энд хүрэлцэн ирсэн казах түмний төлөөлөл та бүхэнд олон улсын Наурызын баярын өдрийн халуун мэндийг өргөн дэвшүүлье. Үе үеийн ажилч хичээнгүй казах түмэн хөдөлмөр бүтээл, авьяас чадвар эрдэм мэдлэгээрээ Монгол Улсын болоод нийслэл, дүүргийнхээ хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан гэдгийг дурдахад таатай байна. Та бүхэнд талархаж буйгаа илэрхийлмээр байна.
Наурызын баяр бол казах түмний түүх, ёс заншил, өв уламжлалаа өвлүүлэн уламжлуулдаг үндэсний онцлогтой сайхан баяр билээ. Нийслэлд төдийгүй улс орны өнцөг булан бүрт ажиллаж, амьдарч байгаа та бүхэндээ өнө эртнээс уламжлагдан ирсэн энэхүү баярын мэндийг өргөн дэвшүүлж, аз жаргал эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” хэмээн баярын мэндчилгээ дэвшүүллээ.
Наурызын баярын үйл ажиллагааны үеэр шагналын хур бууж, улс, нийслэл, дүүргийнхээ хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхмүүдийг төрийн дээд болон нийслэл, дүүргийн одон медалиар шагнаж урамшууллаа.
Наурызын баярыг дэлхий дахинд Ойрхи Дорнод, Балканы хойг, Төв Ази, Кавказ зэрэг газар нутгийн 300 сая гаруй хүн өргөн тэмдэглэж өнгөрүүлдэг байна. 2010 онд НҮБ-ын Ерөнхий ассамблейн 64 дэх хуралдаанаар Наурызыг олон улсын баяр болгон баталжээ. Улмаар ЮНЕСКО (НҮБ-ын боловсрол, шинжлэх ухаан, урлагийн байгууллага) Наурыз баярыг “дэлхийн халдашгүй соёлын өв”-д бүртгэсэн байна. Наурыз бол шашны баяр бус, байгаль эхтэйгээ хүйн холбоотой хүн төрөлхтний баяр юм.