Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрлэх газрын дарга Г.Занданшатар өнөөдөр үдээс өмнө Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт ажиллаж нийслэлийн удирдлагуудтай цаг үеийн асуудлаар ярилцаж, үүрэг даалгавар өглөө.
Засгийн газар 2018 оныг Хариуцлагын жил болгосон. Энэ хүрээнд Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөө, Үндсэн чиглэлд тусгасан төсөл, арга хэмжээг хугацаанд нь зохион байгуулахыг сайд, аймаг, нийслэлийн Засаг даргад даалгасан. Төрийн захиргааны бүх шатанд сахилга, хариуцлагыг чангатгаж, засаглалыг сайжруулах ёстойг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар уулзалтын эхэнд хэллээ.
Агаарын бохирдлыг бууруулах нь нийслэлийн тулгамдсан асуудал. Ирэх дөрөвдүгээр сард Агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд УИХ, Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг УИХ-д танилцуулна. Иймд энэ сарын 28-нд болох Засгийн газрын хуралдаанд энэ асуудлаарх арга хэмжээний хэрэгжилт, төлөвлөлт, нэгдсэн бодлогыг хэлэлцүүлнэ. Хавар, зун болохоор утаа, агаарын бохирдлыг мартчихдаг, өвөл л ярьдаг байж таарахгүй. Энэ сарын 29, 30-нд болох Монголын эдийн засгийн чуулганы төлөөлөгчдөд шийдлүүдээ танилцуулж хэлэлцүүлнэ гэлээ.
Хөшигийн хөндийн нисэх буудлыг Улаанбаатартай холбосон автозам энэ оны аравдугаар сард, шинэ нисэх буудал ирэх оны нэгдүгээр сард ашиглалтад орно. 2019 оны тавдугаар сараас Улаанбаатар хотод түүхий нүүрс оруулахгүй. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудыг Яармаг руу нүүлгэнэ зэрэг Засгийн газрын шийдвэр гарсан. Дагуул хот, дэд төв, тосгон, үйлдвэрлэл, технологийн паркуудын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх зорилгоор хөрөнгө мөнгөнөөс эхлээд бүх талын дэмжлэг үзүүлэхээр болсон. Зарим агентлаг, төрийн байгууллага, төрийн өмчит их, дээд сургуулиудыг хотын төвөөс нүүлгэн шилжүүлэх талаар тооцоо, судалгаа хийж танилцуулахыг холбогдох сайд нар болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид үүрэг болгосон. Засгийн газрын эдгээр зорилтыг ажил хэрэг болгох гарц, шийдлийг энэ сард багтаан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг хотын удирдлагуудад үүрэг болголоо. Түүхий нүүрс хот руу оруулахгүй байх шийдвэр амжилттай хэрэгжвэл Улаанбаатар хотын агаарын бохирдол 70-80 хувь буурах боломжтойг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар тэмдэглэлээ.
2019 оны долдугаар сард нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд Яармаг дахь шинэ байрандаа нүүж очих төлөвлөгөөтэй ажиллаж байна. Яармаг орчим Улаанбаатар хотын шинэ төв болно. Төвлөрлийг сааруулж, дагуул хот бий болоход хотын захиргаа нь түрүүлж нүүдэг жишиг олон улсад байдаг гэж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд хэллээ.
Засгийн газар “Цахим шилжилт” хөтөлбөрийг өөрөөсөө, төрийн байгууллагуудаас эхэлж байна, ирэх жилээс төсөл хэрэгжүүлнэ. Үр дүнд нь иргэд төрийн үйлчилгээг цахимаар авдаг болж, энэ хэрээр авлига, хээл хахууль, хүнд суртал арилна. Төр иргэддээ ил тод, шударга, шуурхай үйлчилнэ. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж ажиллахыг Г.Занданшатар сайд анхаарууллаа.
Уулзалтын үеэр яригдсан бас нэг чухал сэдэв нь шинээр баригдах сургууль, цэцэрлэг, өргөтгөлийн барилгын асуудал байлаа. Энэ онд 34 сургууль, 52 цэцэрлэгийн барилгын ажил эхлэхээр улсын төсөвт суусан. Эдгээрээс 16 сургууль, 23 цэцэрлэг, бага сургууль, цэцэрлэгийн 3 цогцолбор нийслэлд эрх нь шилжиж ирсэн. Одоогийн байдлаар нийт 17 сургууль, цэцэрлэгийн газрын асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байгааг нийслэлийн Газрын албаны дарга танилцуулаад газар чөлөөлөх нөхөх олговорт 26 тэрбум төгрөг шаардлагатай байгаа гэлээ.
Гурван ээлжээр хичээллэдэг сургуульгүй болох, хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулахад Засгийн газар онцгой анхаарч байгаа. Газрын асуудлыг шуурхай шийдэх, ирэх сарын эхнээс барилгын ажил эхлэхгүй бол энэ онд амжихгүй. Иймд төсөв болон захиргааны ямар шийдэл, гарц байгааг танилцуулж, Засгийн газрын хуралдаанаар яаралтай хэлэлцүүлэхийг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар хотын удирдлагуудад үүрэг болголоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.