“Нийслэл Улаанбаатар хотын боловсролын салбар дахь тулгамдаж буй асуудал, гарц шийдэл” уулзалт өнөөдөр БШУЯ-нд боллоо.
Уулзалтад БШУ-ы сайд Л.Энх-Амгалан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар болон албаны бусад хүмүүс оролцсон юм.
Коронавируст цар тахлын улмаас хичээл, сургалтыг цахим болон теле хэлбэрээр явуулж байгаатай холбоотойгоор нийслэлийн сурагч хүүхдүүдийн өмнө гарч буй хүндрэлүүд, үр дүнг сайжруулах зарим асуудал, шийдлийн талаар БШУЯ-ны бага дунд болон сургуулийн өмнөх боловсролын газрын дарга нар илтгэл тавьж, мэдээлэл өгөв. Мөн сургууль, цэцэрлэгийн энэ оны төсвийн гүйцэтгэлд хамаарах зарим асуудал, хувийн сургууль, цэцэрлэгийн хувьсах зардлын санхүүжилтийн талаарх мэдээллийг тус яамны Санхүү эдийн засгийн газрын дарга С.Нансалмаа өгсөн юм.
Харин гуравдугаар сарын 1-нээс сургалтын үйл ажиллагааг танхимаар зохион байгуулахтай холбоотойгоор нийслэлийн хэмжээнд хэрхэн бэлтгэл хангаж буйг Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга танилцуулав.
Нийслэлийн хэмжээнд гурван ээлжээр хичээллэдэг байсан бүх сургууль өнөөдөр хоёр ээлжтэй болсон. Гэхдээ ачааллыг дахин багасгах шаардлагатай 12 сургууль бий. 2021 онд нийслэлд 38 цэцэрлэг, 32 сургууль, 10 сургууль, цэцэрлэгийн цогцолборын хөрөнгө оруулалт тусгаад байгаа юм.
Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар коронавируст халдварын нөлөөгөөр боловсролын салбарт маш олон асуудал тулгамдаж байгааг онцлоод сургалтын хүртээмж, чанарын асуудал хамгийн ихээр санаа зовоож буйг хэллээ. Тэрбээр “Бүх зүйлийг ковидод наагаад хойш суугаад байж болохгүй. Үүнээс болж эдийн засаг ч хүндэрлээ, боловсролын асуудал ч орхигдлоо. Тиймээс дэлхийн улсууд ковидтой зэрэгцээд асуудал бэрхшээлээ шийдвэрлэж байгаа тэр шийдлийг нь мөн хэрэгжүүлье” гэв.
Мөн тус салбарын боловсон хүчний асуудал, нэн ялангуяа багш нарын нийгмийн баталгааны талаар хот санаа тавьж ажиллана гэдгээ хэлсэн юм. Тухайлбал, хот түрээслээд өмчлөх хэлбэрийн болон орлогод нийцсэн орон сууцны хороолол барих ажлыг үргэлжлүүлнэ. Нийслэлд зургаан байршил дээр орон сууцны том хорооллын төлөвлөлтийг хийх юм. Тиймээс энэ төсөлд багш нарыг хамруулах талаар БШУЯ-тай хамтран ажиллаж, “Багш” хотхоныг ямар ч хэлбэрээр зохион байгуулж, хэрэгжүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийлсэн юм.
НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс