Цагдаагийн ерөнхий газрын хэвлэлийн төлөөлөгч, мэргэжилтэн М.Мөнхшүрээс нярайн аминд хүрсэн хэргийн талаар тодрууллаа.
-Нярай хүүхдийн аминд халдсан хэрэг энэ сарын 10-нд гарсан. Энэ хэргийн талаар мэдээлэл өгөөч?
-Өнгөрсөн амралтын хугацаанд буюу энэ сарын 8-11-нд нийслэлийн хэмжээнд хүний амь насанд халдсан хэргийн дуудлага Цагдаагийн байгууллагад гурав бүртгэгдсэн. Үүнээс хоёр нь архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас нэгнийхээ амь насанд халдсан дуудлага мэдээлэл Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Сонгинохайрхан дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт гарсан. Үүнээс гадна энэ сарын 10-нд 17:35 минутанд Баянзүрх дүүргийн зургаадугаар хорооны нутаг дэвсгэрт даавуунд боосон нярайн цогцос байна гэсэн дуудлага мэдээлэл иргэнээс ирсэн. Энэ дуудлагын дагуу шалгалтын ажиллагаа явуулахад эрэгтэй хүүхдийн ихэстэй цогцос болохыг тогтоосон. Шүүх эмнэлгийн урьдчилсан дүгнэлтээр гадны нөлөөтэй нас барсан байж болзошгүй гэсэн анхны дүгнэлт гарсан. Эцэслэсэн дүгнэлт хуулийн хугацаанд буюу 21 хоногийн дараа гарна.
-Буруутай этгээдийг эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн үү?
-Урьдчилсан байдлаар тогтоогдсон дүгнэлтээр цагдаагийн байгууллага нярайг хаясан эх болон амь насыг хохироосон буруутныг эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан. Үүнтэй холбоотой сэжиг бүхий мэдээлэлтэй, хэрэг гарах үед тухайн газрын ойр орчмоор явж байсан иргэдийг Цагдаагийн байгууллагын 102 нээлттэй утсанд хандахыг зөвлөж байна.
–Он гарсаар нярайн аминд халдсан хэрэг хэд гарсан бэ?
-Энэ онд нярайн аминд халдсан гурав дахь хэрэг гарлаа. Тухайлбал, өнгөрсөн хавар Өвөрхангай аймагт айлын хашаанд нярай хүүхдийн цогцос байна гэсэн мэдээлэл ирсэн. Хэргийн мөрөөр эхийг эрэн хайх ажиллагаа зохион байгуулсан. Дараа нь Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт тал бие нь амьтанд идэгдсэн байж болзошгүй нярайн цогцос Дугуй засварын газрын ойролцоо байна гэсэн дуудлага мэдээлэл ирсэн. Өмнөх онтой харьцуулахад энэ төрлийн гэмт хэрэг өсөх чиг хандлагатай байна.
Нөхцөл байдлыг судлаад үзэхээр өсвөр насны охид анхны жирэмслэлтээс улбаатай энэ төрлийн үйлдэл хийх, нярайг орхих тохиолдол байдаг. Нярайг орхисны дараа хүүхэд амьд байгаа тохиолдолд эхийг эрэн сурвалжилж, хүүхдийг нь буцааж өгдөг. Ингэхдээ эрүүгийн хариуцлага тооцдоггүй. Харин амь насанд нь халдсан буюу нярай нас барсан тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ хэмээн хуулинд заасан байдаг.