Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Үндэсний аврах бригадын тэргүүн ахлагч Ж.Баяртогтох “Үйлчилгээний гавьяат ажилтан цол”-оор шагнууллаа.
Аврагч Ж.Баяртогтох нь Онцгой байдлын байгууллагаас төрөн гарсан тав дах гавьяат ажилтан буюу энгийн аврагчаас төрсөн анхны залуу гавьяат болж байгаагаараа онцлог ажээ.
Тэрээр шагнал гардаж авсаныхаа дараа “Онцгой байдлын байгууллагад 13 дах жилдээ ажиллаж байна. Энэ хугацаанд 2007 онд БНСУ-д “Хот дотор эрэн хайх, аврах ажиллагаа”-ны, 2009 онд ОХУ-д “Гүний шумбагч” бэлтгэх, 2012 онд Япон улсад “Газар хөдлөлтийн үед эрэн хайх, аврах ажиллагаа”-ны сургалтад хамрагдаж, БНХАУ-д хаданд авиралтын Азийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон.
~ОБЕГ-ын салбараас анхны аврагч гавьяат төрлөө~
Улсын хэмжээнд тохиолддог ой, хээрийн түймэр, усны осол зэрэг бүх төрлийн аюулт үзэгдэл, ослын дуудлагаар үүрэг гүйцэтгэн ажилладаг. Тухайлбал, 2011 оны хоёрдугаар сард Хөвсгөл далайд живсэн 10тн шатахуун ачсан автомашиныг 50 метрийн гүнд шумбан гаргасан, 2017 онд болсон Отгонтэнгэр ууланд осолдсон 17 уулчныг эрэн хайх ажиллагаанд амжилттай оролцсон.
Мөн хамгийн эрсдэлтэй аврах ажиллагаа гэвэл ГАА-ийн Тайширын усан цахилгаан станцын уснаас 45 метр гүнд шумбаж осолдсон хүнийг аварч байсан. Түүнчлэн 2011 онд Японд болсон цунамийн гамшгийн дараах сэргээн босгох болон Африкийн Өмнөд Судан улсад Энхийг дэмжих ажиллагаанд, 2015 онд ОХУ-д гарсан ойн түймэрт үүрэг гүйцэтгэж, Монгол Улсынхаа төдийгүй Онцгой байдлын байгууллагынхаа нэрийг өндөрт өргөн ажилласан” гэж сэтгэгдлээ хуваалцлаа.