Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны дэмжлэгээр зохион байгуулж буй Морин хуурын олон улсын VI наадам-уралдаан энэ сарын 30-наас долоодугаар сарын 5-нд Улаанбаатар хотод болно.
“Дэлхийн морин хуурын холбоо” төрийн бус байгууллага, нийслэлийн Соёл, урлагийн газраас зохион байгуулж буй зургаа дахь удаагийн олон улсын наадамд гаднаас Япон, ОХУ, БНХАУ, АНУ, БНГУ, БНФУ-ын соёл, урлагийн төлөөлөгчид оролцоно.
~Олон улсын Морин хуурын VI наадам тун удахгүй~
Хоёр жил тутам зохион байгуулдаг тус наадам нь морин хуур хөгжмөөр дамжуулан Монголын соёл, урлагийг дэлхий нийтэд сурталчлан таниулах, морин хуур сурч, судлаж буй олон улсын сонирхогч, судлаачдын хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан суралцахад дэмжлэг үзүүлэх зорилготой юм.
Зургаа хоног үргэлжлэх наадмын хүрээнд сонирхогчдын болон мэргэжлийн морин хуур урлаачдын уралдаан, наадам болох бөгөөд гадны улс орны оролцогчдын тоглолт, олон улсын уулзалт-хэлэлцүүлэг, үзэсгэлэн зэрэг соёл, урлагийн арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ.
Тухайлбал, уулзалт-хэлэлцүүлгийн хүрээнд өөсрдийн улс оронд морин хуурын дэлгэрэлтийн хүрээнд сургалт, заах арга, зэмсгийн хийц, урын сан, орчин үеийн хэрэглээний асуудлуудыг хөндөж ярилцах бол үзэсгэлэнд мэргэжлийн морин хуур урлаачдын уралдаанаас шалгарсан шилдэг морин хуурыг дэлгэн харуулах аж.