Онцгой байдлын ерөнхий газраас өчигдрийн шуурхай албаны мэдээг нэгтгэн гаргаад байна.
Ховд аймгийн Цэцэг сумын Баян-Овоо багийн нутаг Цагаан-Эрэг гэдэг газарт хувиараа чулуу олборлож байсан 60 хүн, 12 автомашин шатахуун дуусч, Богосын даваанд цасанд боогдсон гэсэн дуудлага өчигдөр 11:40 цагт аймгийн Онцгой байдлын газарт иржээ. Дуудлага авсан даруйдаа тус аймгийн Цэцэг сум дахь “МОН-ЭНКО” ХХК-ийн 10 хүн, 2 автомашин, Мөст сумаас 7 хүн, 2 автомашин, нийт 4 автомашинтайгаар өнөөдөр 06:00 цагаас эхлэн тус газрыг чиглэн ажиллагаагаа эхлүүлсэн байна. Цасанд боогдсон иргэд айлуудын зуслангийн хашаа саравчинд 2 гэр барьж хонож байгаа тухай мэдэгджээ.
Ховд аймгийн Булган сумын Баянгол багийн Жаргалантын-Аманд цасанд боогдсоны улмаас иргэд явж чадахгүй байна гэсэн дуудлага арваннэгдүгээр сарын 15-ны өдрийн 15:40 цагт аймгийн Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу Ховд аймаг дахь Зэвсэгт хүчний 0123 дугаар ангийн 2 албан хаагч, тус аймгийн Булган суман дахь Онцгой байдлын хэлтсийн 1 албан хаагч, Газ-66 загварын автомашинтай ажиллаж тухайн багийн 36 иргэнийг тээвэрлэн Жаргалантын-Амны Доод, Дээд нарийн гэдэг газарт өчигдөр 12:30 цагт гэр, гэрт нь хүргэж буулгасан байна.
Нийслэлийн Налайх дүүргийн 3 дугаар хороо 57 дугаар уклоны ашигладаггүй уурхайн аманд 1 иргэн унаж агааргүйдсэн байна гаргаж өгөөч гэсэн дуудлага өчигдөр 09:25 цагт ирж, ОБЕГ-ын харъяа Уул уурхайн аврах ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллажээ. Ажиллагааны дүнд иргэн С /38 настай, эрэгтэй/-г 39 метр гүн, 45 градусын налуу аманд унасан байсныг гарган авч эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн дүүргийн эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгсөн байна.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хонхорын цахилгаан станцын хажууд автомашин цасанд суусан байна гэсэн дуудлага өчигдөр 16:44 цагт ирж, Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн 5 албан хаагч, 1 автомашинтайгаар ажиллаж, иргэн Д-ийн “Соната-6” загварын автомашин цасанд суусан байсныг гарган аюулгүй болгожээ.