Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монголын бүтээмжийн төвөөс “Адра Монгол” ОУБ, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг, Монгол ногоо төсөл, Азийн бүтээмжийн байгууллага,
Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, МҮХАҮТ-тай хамтран “Органик хүнс, хөдөө аж ахуй” үндэсний III чуулганыг 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр зохион байгуулахаар боллоо.
Энэ жилээс эхлэн тус чуулган “Алсыг хар-Органикийг сонго” гэсэн уриан дор болж байна. Учир нь өнгөрсөн оны 10 дугаар сард зохион байгуулсан “Органик хүнс үйлдвэрлэгчдийн II чуулган”-д оролцогчид санал нэгтэйгээр уг уриаг Монгол Улсын органик хүнс, хөдөө аж ахуйн салбарын уриа болгожээ.
Гол агуулга, алсын хараа нь органик, тогтвортой үйлдвэрлэлийн зарчмыг хүнсний сүлжээний бүх үе шатанд хэвшүүлэх, тогтвортой хөдөө аж ахуйн хөгжлийн үндэс суурийг тавих, хамгийн гол нь органик хүнсийг сонгож, урт удаан, аз жаргалтай амьдрахад чиглэж байгаа юм.
Үндэсний чуулган хөрсний чанарыг сайжруулах, органик бордоо үйлдвэрлэх, талбайд элдэв хоноол учруулж байдаг хортон шавжтай хэрхэн органик аргаар тэмцэх тухай асуудалд төвлөрнө.
Органик хүнсний үйлдвэрлэлийн салбарынхан 2030 он гэхэд хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн 5 хувь нь органик баталгаажуулалтад хамрагдсан байх зорилтыг дэвшүүлсэн.
Органик салбарын эрх зүйн зохицуулалтын хамгийн гол, цөм бол зах зээлд нийлүүлэх органик хүнсийг үнэн зөв баталгаажуулан, хэрэглэгчдэд хүргэх, буруу шошголсон бүтээгдэхүүнээс үүдэн хэрэглэгчид хохирохоос сэргийлэх асуудал байдаг.
Органик хүнсний тухай хуульд зааснаар Стандартчилал, хэмжил зүйн газраас итгэмжлэгдсэн баталгаажуулалтын байгууллага, Монгол Улсад бүртгүүлсэн, олон улсын итгэмжлэлтэй баталгаажуулалтын байгууллага, харилцан итгэлцэлд тулгуурлан үйлдвэрлэгч, хэрэглэгч болон бусад талууд хамтран баталгаажуулах оролцооны баталгаажуулалтын байгууллага гэсэн гурван түвшний байгууллага Монгол Улсад үйл ажиллагаа явуулах эрхтэй.
Эдгээр байгууллагаас өнөөдөр Монгол Улсын хэмжээнд хамгийн бодитой, богино хугацаанд үйл ажиллагаа нь жигдрэх боломжтой, орон нутгийн органик хүнсний зах зээл рүү чиглэсэн баталгаажуулалтын байгууллага бол хамтын баталгаажуулалтын байгууллага гэж үздэг.
Хуульд туссан өөр нэг асуудал бол Органик хүнсний бүртгэл, баталгаажуулалтын мэдээллийн сан юм. Уг мэдээллийн сангийн бүтцийн талаар дэлгэрүүлж танилцуулбал,
Органик үйлдвэрлэлд шилжих шилжилтийн үеийг эхлүүлсэн, шилжиж чадаагүй, органик хүнсийг баталгаажуулах тухай гэрээ байгуулсан, баталгаажсан, гэрчилгээ олгогдсон, түдгэлзүүлсэн, баталгаажилтыг хүчингүй болгосон аж ахуйн нэгжийн бүртгэл
Үндэсний, экспорт, импортын органик хүнсний бүтээгдэхүүний бүртгэл
Баталгаажуулалт байгууллагын бүртгэл зэрэг болно.
Ийнхүү чуулганы үеэр organicmongolia.mn цахим хуудас, Органик хүнсний бүртгэл, баталгаажуулалтын мэдээллийн сан, Органик хүнс үйлдвэрлэгчдийн клубын нээлтийн арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байна.
“Органик хүнс, хөдөө аж ахуй” үндэсний III чуулганыг угтан энэ сарын 20-22-ны өдрүүдэд “Органик бордоо” сургалт, дадлага болно.
Эхний хоёр өдөр оролцогчдын дунд онолын мэдлэг олгох сургалт явуулж, сургалтын гурав дахь өдөр Төв аймгийн Баянчандмань суманд үйл ажиллагаагаа явуулдаг “Монгол экологийн бордоо” ХХК-ийн био бордооны үйлдвэрт практик дадлага хийх юм гэж ХХААХҮЯ-наас мэдээлэв.