~Оюутнууд багш нартай нэгдэн жагсана гэв!~
Монголын Ардчилсан оюутны холбоо, Их, дээд сургуулиудын оюутны зөвлөлтэй хамтран сургалтын төлбөр нэмж буйг эсэргүүцэж багш нарын ажил хаялттай нэгдэнэ гэдгээ мэдэгдлээ.
Ардчилсан Оюутны Холбооны Ерөнхийлөгч Н.Лхагвадорж “10 хоногийн өмнө манай холбооноос их дээд сургуулийн сургалтын төлбөр нэмэгдсэнийг эсэргүүцэж хэвлэлийн хурал хийсэн бөгөөд 84 их, дээд сургуульд 7 асуудал бүхий албан тоотыг энэ сарын 15-нд хүргүүлсэн.
Тэдгээрээс 35 их, дээд сургууль хариу мэдэгдсэнд талархаж байна. Зарим их дээд сугууль албан бичгийн хариуд оюутны хөгжлийг нэмэгдүүлэх, багш ажилчдын ур чадвар болоод сурч боловсрох орчинг сайжруулах, багш нарын цалинг нэмэх үндэслэлээр төлбөр нэмж байгаагаа тайлбарласан байв.
Тухайлбал ШУТИС 10 хувь, Этүгэн их сургууль 10-15 хувь, Урлах эрдэм дээд сургууль 12-25 хувиар тус тус багш нарын цалинг нэмнэ хэмээн мэдэгджээ.Үлдсэн сургуулиуд сургалтын төлбөр нэмэх болсон шалтгаанаа тодорхой тайлбарлаагүй зарим нь багш нарын цалин нэмэхэд чиглэгдэхгүй хэмээсэн.
Хэрвээ сургалтын төлбөр багш нарын цалин нэмэхэд зориулагдахгүй юм бол бид багш нарын ажил хаялтыг дэмжиж жагсаал цуглаан зохион байгуулна” гэлээ.
МАОХ-ны нарийн бичгийн дарга Д.Золжаргал, “Бидний явуулсан албан бичгийн хариуд зарим их дээд сургуулиуд оюутнууд, оюутны холбоотой харилцан зөвшилцсөний үндсэнд төлбөрөө нэмсэн гэсэн тайлбар өгсөн. Гэвч бид үүний дагуу тэдгээр сургуулиудад очиж оюутнуудтай уулзахад тэдэнтэй зөвшилцсөн нэг ч сургуулийн удирдлага байхгүй байв” гэлээ. Иймд албан бичгийн хариуд бодит байдалд нийцэхгүй ташаа мэдээлэл ирүүлсэн болохыг онцлов.
Мөн тус холбооноос БСШУС-ын сайд Ц.Цогзолмаад албан тоот хүргүүлж буйгаа мэдэгдэж хэрэв оюутны сургалтын төлбөрийг бууруулах тал дээр нааштай хариу өгөхгүй бол энэ сарын 29-ний өдөр тайван жагсаал зохион байгуулах бөгөөд цааш цаашдаа ирэх сарын 3-ны өдөр багш нарын ажил хаялттай нэгдэнэ хэмээн мэдэгдлээ.