Өнөөдөр Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй Ротари ТББ байгууллагын санаачилгаар Ротари ТББ-ын мэргэжлийн профессорын баг Улсын гуравдугаар эмнэлэгт мэдрэлийн мэс засал, дурангийн мэс засал, мэдээгүйжүүлэлт, ЭХЭМҮТ-д чих, хамар, хоолойн чиглэлээр, ГССҮТ-д гар сарвуу болон түлэнхий мэс заслын тасагт, Амгалан амаржих газарт эмэгтэйчүүдийн нээлттэй болон дурангийн мэс заслыг үнэ төлбөргүйгээр хийх, сургалт зохион байгуулж, 30 гаруй мянган ам.долларын мэс заслын практикт зайлшгүй шаардлагатай эмнэлгийн хэрэгслийг Монголын эрүүл мэндийн салбарт буцалтгүй тусламжаар хандивлах юм. Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй “Ротари” ТББ-ын санаачилгаар Олон Улсын Ротари 3450 дүүрэг, Олон Улсын Ротари 3080 дүүрэг хамтран Олон Улсын Ротари байгууллагын санхүүжилтээр хэрэгжүүлэх “Глобал грант” төслийн хүрээнд БНЭУ-аас 16 хүний бүрэлдэхүүнтэй мэс заслын эмч нарын мэргэжлийн профессорын баг 2017 оны 8 дугаар сарын 28-наас 9 дүгээр сарын 8-ны хооронд ирж ажиллах гэж байна. Мөн Хавдар судлалын үндэсний төвд өвчтөний асаргаа, сувилгаа, эмчилгээний чиглэлээ танхимын болон ажлын байрны багц цагийн сургалтуудыг зохион байгуулах юм. Төслийн үйл ажиллагаанд Монголын “Туул”, “Хүрээ”, “Нийслэл”, “Улаанбаатар”, “Сэлбэ”, “Улаанбаатар Централ”, “Хангарьд Ротари” клубийн Ротаричууд сайн дураар оролцож тусалж байна.