Нүүр хуудас Нийгэм Сайншандад САЛХИН ПАРК нээгдлээ

Сайншандад САЛХИН ПАРК нээгдлээ

193
0
sainshand_salhin_park
“Сайншанд салхин парк”-ын нээлтийн ёслолын үйл ажиллагаа болов

Дорноговь аймгийн Сайншанд суманд сүндэрлэж байгаа 55 мв-ын хүчин чадалтай “Сайншанд салхин парк”-ын нээлтийн ёслолын үйл ажиллагаа есдүгээр сарын 17-нд боллоо.

Төслийн багийнхан бүтээн байгуулалтын суурь бүтэц хийгээд нийт 25 турбин суурилуулах ажлыг дуусгасан байна. Салхин паркын барилга угсралтын ажил дууссанаар цахилгааны холболтыг манай улсын нэгдсэн цахилгаан шугам сүлжээнд холбож эрчим хүч нийлүүлэх ажил ийн эхэлж буй.

Сайншандын салхин парк ашиглалтад орсноор орон нутагт 30-40 байнгын шинэ ажлын байр гарах бөгөөд үүнд орон нутгийн иргэдийг ажиллуулахаар төлөвлөсөн аж.

Мөн бүтээн байгуулалтад орон нутгийн компаниуд, иргэд оролцож буй. Дорноговь аймаг бүтэн жилийн ихэнх хоногт нар, салхитай байдаг нь сэргээгдэх эрчим хүчээр орон нутгийг хангах таатай боломж гэж албаныхан онцоллоо.

Мөн салхин паркыг ашиглалтад оруулахад орон нутгаас шаардлагатай бүх зүйлээр дэмжин ажиллаж байгаа гэж аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин ярив. Дээрх төслийг Европын хөрөнгө оруулалтын банк, Европын сэргээн босголт хөгжлийн банк, Данийн экспортын хөгжлийн агентлагийн нийт 120 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар барьсан аж.

Энэхүү станц 50 гаруй мянган өрхтэй хоёр ч аймгийг жилдээ цахилгаанаар хангах боломжтой төдийгүй нүүрс хүчлийн давхар ислийг бууруулах, нүүрсний хэрэглээг багасгах, эрчим хүчний алдагдлыг бууруулах, орон нутагт ажлын байрыг нэмэгдүүлэх зэрэг олон боломж бүрдэх юм.

Үүнээс гадна нарны эх үүсвэрийг ашиглаж “Дезерт солар пауэр вуан” ХХК Сайншанд сумын зүүн талд 30 мв-ын нарны цахилгаан станц барих ажлыг гүйцэтгэж буй.

Нарны эх үүсвэрээр цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх энэхүү төсөл нь “Багануур” ЗӨБЦТСК-ийн эх үүсвэрээр тэжээгдэж байгаа Сайншанд болон Замын-Үүд зэрэг томоохон сууринд шаардлагатай эрчим хүчийг дахин хуваарилах, нөөц эх үүсвэрийг бий болгох, эрчим хүч экспортлох зорилготой аж.

Нар, салхины дээрх цахилгаан станц ашиглалтад орсноор Монгол Улсын зүүн өмнөд бүсийн хилийн аймаг Дорноговь эрчим хүчний хос хөдөлгүүртэй болно.

Нээлтийн ёслолын үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин, “Сайншанд салхин парк” ХХК-ийн захирал Оливр Шнорр болон төсөл хэрэгжүүлэгч гадаад дотоодын төлөөлөгчид, орон нутгийн байгууллагын холбогдох албан тушаалтнууд, иргэд оролцлоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here