2017 оны зун ердөө 150 хоногийн дотор бүх дэлхийн Монголчууд нэгдэн хүүхдийн төлөө “Ид шидийн орон” хүүхэд хамгаалал хөгжлийн цогц төвийг бүтээж чадсан билээ.
Тус төв нь өнөөдрийг хүртэл СХД Баянхошуунд төр засгийн санхүүжилт, тусламжгүйгээр бүтэн жилийн хугацаанд амжилттай үйл ажиллагаа явуулан хүчирхийлэлд өртсөн 52 кейс хэргийг шийдвэрлэн, цэцэрлэгийн 2 бүлгийн 70 хүүхдийг үнэ төлбөргүй хамруулж, олон зуун хүүхдийг номын сан, сургалт боловсролоор хангаж байна.
Гэсэн хэдий ч бидний өдөр бүр харж буй хүүхдийн эрхийг зөрчсөн аймшигтай мэдээнүүд, түүний ард мэдээллэгдэхгүй үлдэж байгаа хэдэн мянган хэргийг харахад бидэнд нэг биш хэдэн арван Ид шидийн орон хэрэгтэй нь харагдаж байна.
Ид шидийн орон төсөл анх санаачлагдахдаа Улаанбаатар хотын хамгийн том, амьжиргааны түвшин доогуур 2 дүүрэгт эхлэж баригдахаар төлөвлөгдсөн бөгөөд энэ нь СХД, БЗД дүүрэг юм.
~”Ид шидийн орон 2″ баригдах боллоо~
Монголын үндэсний шилдэг байгууллагуудын нэг Энержи ресурс компани нь 10 жилийнхээ ойн хүрээнд нийгэм руу чиглэсэн бодитой үйл ажиллагаа явуулж буй ТББ-уудыг дэмжих хөтөлбөр зарласан бөгөөд тус хөтөлбөрт Ид шидийн орон 2 төсөл маань албан ёсоор шалгарч 740 сая төгрөгний тусламжийг төв байгуулагдах газар дээрээ гардаж авлаа.
Өнөөдөр Монгол улсад хүүхэд хамгаалал, хөгжлийн чиглэлд хамгийн хэрэгцээтэй байгаа зүйл бол бодитой барилга байгууламж бүтээн байгуулалт, хүүхэд руу чиглэсэн мэргэжлийн үйлчилгээ юм.
Яг энэ чухал цаг үед үндэсний компани баялаг бүтээгч Энержи ресурс компанийн зүгээс хүүхдийн төлөө 740 сая төгрөгний тусламжийг үзүүлж байгаа нь жинхэнэ утгаараа байгууллагын нийгмийн хариуцлага, нүдээ олсон том шийдвэр, түүхэн үйл явдал болж байна.
Ид шидийн орон 2 төв нь 4200 мкв талбайд хүүхэд хамгаалал хөгжлийн төв, спорт комплекс, тоглоомын талбай, ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн, гараш болон түр байрлах байрнаас бүрдсэн цогц төв болох бөгөөд одоогийн Баянхошуунд баригдсан Ид шидийн орон төвөөс даруй 2 дахин том хэмжээтэй бүтээн байгуулалт болох юм.
Тус төвийн барилга бүтээцийн ажил 2019 оны 04 сараас эхлэх бөгөөд тэр хүртэл хугацаанд зураг төсөл, ажлын зураг, дэд бүтэц болон бусад бэлтгэл ажлууд хийгдэх юм.
Монгол улсын ирээдүй хойч болсон хүүхдийн төлөө нэг удаа биш нэг насанд нь үлдэх оюуны болоод шууд хөрөнгө оруулалт хийж буй Энержи ресурс компанийн нийт хамт олон болон удирдлагын багт чин сэтгэлээсээ талархал илэрхийлье