Сар шинийн баяр дөхөж тээврийн хэрэгслийг ТЭГШ, СОНДГОЙГООР хязгаарлана
Сар шинийн баяр дөхөж байгаатай холбоотойгоор орон нутгаас нийслэл хотыг чиглэсэн хөдөлгөөн болон томоохон зах, худалдааны төв рүү чиглэсэн иргэд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдэж ачаалал үүсэх, түгжрэл саатал бий болж байгаатай холбогдуулан зохицуулалт хийхээр болжээ.
- Амралтын өдрүүдээр буюу 2018 оны ирэх сарын 3 болон 10-ны “Бямба” гарагуудад автомашины улсын дугаарын сүүлчийн орон тэгш тоогоор /0,2,4,6,8/ төгссөн, 2 дугаар сарын 04, 2 дугаар сарын 11-ний “Ням” гарагуудад автомашины улсын дугаарын сүүлчийн орон сондгой тоогоор /1,3,5,7,9/ төгссөн тээврийн хэрэгслүүд замын хөдөлгөөнд оролцоно.
Автомашины улсын дугаарын сүүлийн оронгоор хязгаарлагдсан тээврийн хэрэгсэл дугаарын хязгаарлалтын өвлийн бүсчлэл дээр нэмэлтээр Саппоро төвийн уулзвараас Таван шарын уулзвар хүртэлх замд 10:00-20:00 цагийн хооронд автозамын хөдөлгөөнд оролцохыг хязгаарлах юм.
Мөн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт ирэх сарын 3, 4, 10, 11-ний амралтын өдрүүдээр “Дэнжийн мянга” худалдааны төвийн замын хөдөлгөөнийг “Хүчит шонхор” худалдааны төвийн зүүн урд уулзвараас хойш үерийн далангийн уулзвар хүртэл урдаас хойш чиглэлд, далангаас зүүн тийш Судалт төвийн уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг баруунаас зүүн чиглэлд 08:00-17:00 цагийн хооронд нэг чигийн хөдөлгөөнд оруулна.
Автомашины улсын дугаарын хязгаарлалт тогтоосон амралтын өдрүүдэд төвлөрсөн зах, томоохон худалдааны төвүүд рүү чиглэсэн авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор төвийн зургаан дүүргийн нутаг дэвсгэрт 1-2 байршилд мах, цагаан идээний өргөтгсөн худалдаа зохион байгуулагдах юм байна.
Замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нар хязгаарлагдсан дугаартай автомашинтай хязгаарлалтын бүсэд зорчихгүй байх, цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлэх, аль болох нийтийн тээврийн хэрэгслийг сонгож замын хөдөлгөөнд оролцохыг Замын цагдаагийн албанаас уриалж байна.