Монгол нутагт найман зуун мянган жилийн тэртээгээс эдүгээ хүртэл хүн нутагшин амьдарч, хөгжиж ирсэн. Энэ хугацаанд бидний өвөг дээдэс түүх соёлын асар их өвийг бүтээж, нүдний цөцгий мэт хайрлан хамгаалж бидэнд өвлүүлэн үлдээжээ.
Эдгээр соёлын хосгүй нандин өв нь Монгол хүний оюуны сэтгэлгээ, үзэл бодол, гүн ухаан, урлаг, уран сайхны сэтгэлгээ, шүтлэг бишрэл, хэл, соёл, ёс заншил нэвт шингэсэн амьд архив, мэдлэг оюуны эх ундрага, эх орон, эх соёлоороо бахархах омогшил болж байдаг.
Нөгөө талаар өвөг дээдсийн бүтээн бий болгосон соёлын өвийг хадгалж хамгаалах, хойч үедээ өвлүүлэн үлдээх явдал улс үндэстэн бүрийн хөгжлийн онцгой зорилт болж тавигдсаар байна.
Техник, технологийн үсрэнгүй хөгжлийн нөлөөнд дэлхий ертөнц даяаршин буй өнөө цагт Монгол угсаатан оршин байхын үндэс “Соёлын өвийн дархлаа”-ны асуудлыг төрийн захиргаа, төрийн болон мэргэжлийн байгууллага, мэргэжилтэн судлаачдын түвшинд анхааран зөвлөлдөж, дүгнэх шаардлага бий болж байна.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны дэмжлэгээр Соёл, урлагийн газраас санаачлан “Даяаршлын түрлэг дэх Монгол соёлын өвийн дархлаа” соёлын өвийн анхдугаар зөвлөгөөнийг 2018 оны 10 дугаар сарын 17-18-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулна.
Соёлын өвийн анхдугаар зөвлөгөөний зорилго нь: Даяаршлын түрлэг дэх Монгол соёлын өвийн дархлааны өнөөгийн байдал, тулгамдсан асуудлыг илтгэж, цаашид бодлого, хэрэгжилтэд анхаарах асуудлыг тодруулахад оршино.
Мөн энэхүү зөвлөгөөн нь Монгол соёлын өвийг цогц байдлаар анх авч үзэж байгаагаараа урьд өмнө хэрэгжүүлж байсан арга хэмжээнүүдээс онцлог юм.
Зөвлөгөөнд Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, Нийслэлийн Соёл, урлагийн газар, аймгуудын Засаг Даргын тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга, Боловсрол, соёл урлагийн газрын дарга, соёл, урлаг хариуцсан мэргэжилтэн,
улс, орон нутгийн музейн захирал, зарим номын сангийн захирал, эрдэмтэн, судлаач, мэргэжилтэн, соёлын өв хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн төлөөллөөс бүрдсэн 250 гаруй хүн оролцоно.
Монгол соёл өвийн тулгамдсан асуудлаар зохион байгуулж буй энэхүү анхдугаар зөвлөгөөнд оролцогчдын хэлсэн санал, дэвшүүлсэн санаа бүхэн соёлын өвийг хадгалж хамгаалах, ашиглах, хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр байх болно.
Мөн өвөг дээдсийнхээ үлдээсэн түүх соёлын өвд хүндэтгэлтэй хандаж, олон арга хэлбэрээр хайрлан хамгаалж хойч үедээ бүрэн бүтнээр нь өвлүүлэн үлдээх явдал бол өнөөгийн Монголчууд бидний эрхэм үүрэг мөн.