Тийн унжлагат хэмээх нөхөрсөг шар Нохой жилийн шинийн тавны билэгт сайн өдөр МСНЭ-ийн үе, үеийн Ерөнхийлөгч нар болон шинээр сонгогдсон Удирдах зөвлөлийн гишүүд, Хяналтын зөвлөлийн гишүүд ахмад сэтгүүлчдээ хүлээн авч, сар шинийн золголт зохион байгууллаа.
Хаврын тэргүүн сарын босгон дээр Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл XVII их хурлаа амжилттай хуралдуулж, дүрмээ шинэчлэн, шинэ удирдлагууд сонгогдсон юм. Ахмад сэтгүүлчдэд хүндэтгэл үзүүлэх энэхүү золголтын үйл ажиллагаа нь МСНЭ-ийн анхны нэгдсэн арга хэмжээ бөгөөд 130 орчим ахмад буурлууд хүрэлцэн ирлээ.
Айлчлан ирж буй нөхөрсөг хэмээх шар нохой жилд Монгол Улсад Үндэсний сэтгүүлзүй үүсч хөгжсөний 105 жилийн ой тохиож буй. 105 жилийнхээ ойн арга хэмжээний хүрээнд МСНЭ-ээс олон цогц арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөсөн байна.