Монголын хэвлэл мэдээллийн салбарт ажиллагсдын хөдөлмөрийн нөхцөл байдлын талаар Монголын Хэвлэлийн хүрээлэнгээс хийсэн судалгааг танилцууллаа.
ХБНГУ-ын Монгол дахь Фридрах Эбертийн сангийн дэмжлэгээр хийсэн судалгаагаар, өнөөдөр Монголын хэвлэл мэдээллийн салбарт ажиллагсдын тал хувь нь өрхийн сарын дундаж орлогоор улсын дундаж хэмжээ болох 1.2 сая төгрөгт хүрэхгүй амьдарч байгаа нь гарчээ. Сэтгүүлчдийн сарын дундаж цалин татварын дараах байдлаар 664 мянган төгрөг (зарим хувийн сонин хэвлэл, сайтынх 350 мянган төгрөг) байгаа нь улсын дундаж хэмжээнээс 245 мянган төгрөгөөр дутуу буюу бага байна.
Тэгсэн хэр нь сэтгүүлчид 7 хоногт 52 цаг ажиллаж байгаа нь ердийн ажлын цаг болох 7 хоногийн 40 цагаас 12 цагаар олон буюу 7 хоногт 6.5 өдөр ногдож байна. Ажиллагсдын 11 хувь нь НД, ЭМД-ын шимтгэл төлдөггүй, тэдгээрийн 75 хувь нь сэтгүүлч, уран бүтээлчид, 62 хувь нь эмэгтэйчүүд байна. Хэвлэл мэдээллийн салбарт ажиллагсдын талаас илүү нь нийтээр амрах өдрүүд болон амралтын өдрөөр ажиллаж, амралтаа нөхөж биеэр эдэлж чадахгүй байна. Нийтээр амрах өдрүүдэд ажиллагсдын 50 хувь нь цалингаа нөхөж авдаггүй тогтолцоо өнөөдөр Монголын хэвлэл мэдээллийн салбарт үйлчилж байна.
Цалин хөлсний тэгш бус байдлаас аваад сэтгүүлчдийн ажил байдлын талаарх, өөрсдөө ч мэдэхгүй ажиллаж буй дээрх цочирдом дүр зураг нь хэвлэл мэдээллийн салбарт ажиллагсад хөдөлмөрлөх эрхээ хамгаалах хэрэгтэй байгааг харуулж байна гэдгийг Фридрах Эбертийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Нийлс Хегевиш хэлсэн юм. Үүнийг ч ҮЭ байгуулбал хэвлэл мэдээллийн салбарт ажиллагсдын 54 хувь нь хамрагдахад бэлэн байна гэсэн судалгааны дүн ч харууллаа.
Өнөөдөр хэвлэл мэдээллийн салбарт ҮЭ-ийн байгууллага байх шаардлагатай эсэх гэсэн санал асуулгад судалгаанд оролцогсдын 62 хувь нь зайлшгүй шаардлагатай, 12 хувь нь байгууллагууд өөрсдөө ҮЭ-тэй байж болно, 21 хувь нь хэлж мэдэхгүй байна, таван хувь нь шаардлагагүй гэсэн хариултыг өгчээ.
Судалгааны дүнгээр өнөөдөр Монголд хэвлэл мэдээллийн ажилтныг дунджаар тодорхойлоход, 35 настай, хоёр хүүхэдтэй, дунджаар 664.000 төгрөгийн цалинтай, орон сууцанд амьдардаг, хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулан өдөрт 9.1 цаг, долоо хоногт 52 цаг ажилладаг, илүү цагийн мөнгө авдаггүй, жилд нэг удаа сургалтад суудаг, ажлын байрандаа сэтгэл ханамжтай, салбартаа дунджаар 7 жил ажилласан, хоёр удаа ажлын байраа сольсон хүнийг хэлж болохоор байна.
Судалгаанд нийслэл хот болон 19 аймгийн, хэвлэл мэдээллийн нийт 260 байгууллагын 1100 сэтгүүлч, ажиллагсад хамрагджээ.