Монгол Улсын Засгийн газрын Дэд бүтцийн сайд асан С.Зоригийг хөнөөсөн хэргийн шүүх хурлыг энэ оны 12 сарын 14-ний 10.00 цагт Хорих 461 дүгээр ангид байрлах шүүх танхимд хийхээр тов зарлагджээ.
Уг шүүх хуралд оролцох талуудын өмгөөлөгч нар албан ёсоор шүүхийн зарлалаа гардаж аваагүй байгаа, түүнчлэн шүүх хурлыг хэвлэл мэдээллийн байгууллагууд сурвалжлах журмын дагуу хурлын нууцын зэрэглэлтэй асуудлаас бусад үйл явцыг нээлттэй сурвалжлах боломжтой гэдгийг албаны эх сурвалж мэдээллэв.
Шүүх хуралд сэжигтнээр Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.1, 91.2.4, 91.2.6, 91.2.10, 91.2.11, 91.2.12, 91.2.13, 91.2.15 гэсэн зүйл заалтыг үндэслэн шүүнэ. Харин ерөнхий шүүгчээр М.Алдар, Б.Мөнх-Эрдэнэ, С.Оюунчимэг нар оролцохоор болжээ.
Мөн сэжигтний өмгөөлөгчөөр Л.Мөнхтөр, С.Оюунцэцэг, хохирогчийн өмгөөлөгчөөр Л.Энхсайхан, Д.Дашдорж, улсын яллагчаар Б.Батжаргал, Ж.Сандагсүрэн, хохирогчоор ар гэрийнхнийг төлөөлөн С.Оюун оролцох юм байна.