Нийслэлийн Баянзүрх дүүргийн есөн хорооны нутаг дэвсгэрт өнгөрсөн зургадугаар сараас эхлэн газрын гүний ус, булаг ихээр гарч нийтийн эзэмшлийн зам талбай,
айл өрхийн орон байр, усанд автаж, үерийн улмаас үүссэн тогтоол ус гудамж, автомашины замын зорчих хэсгийг намагжуулж, цүнхээл үүсгэж, улмаар дошин бий болж иргэд гэр, хашаа, байшиндаа орох боломжгүй байгалийн хүндрэлтэй нөхцөл байдалтай тулгарсан.
Иймд дүүргийн Онцгой комиссоос шуурхай арга хэмжээг шат дараатай, тогтмол авч, холбогдох дээд шатны байгууллагуудад үүсээд буй нөхцөл байдлыг удаа дараа танилцуулан ажиллаж байна.
Түүнчлэн өнгөрсөн хугацаанд дүүргийн Засаг даргын Тамгын газраас 5 дугаар хороо Монелын 5,15 дугаар гудамжны зам дагуу ус тосох байгууламжийг хийж үерийн улмаас эвдэрсэн зам талбайг засварласан.
Мөн Шинжлэх ухааны академитай хамтран дүүргийн 5, 19 дүгээр хорооны хөрсний усны судалгааг хийж байгаа юм. Дүүргийн Засаг даргын Тамгын газар болон НҮГ-ууд хамтран дошин үүсээд буй газруудад түргэн шуурхай арга хэмжээг авч байгаа хэдий ч булгын усны ундаргыг хааж чадахгүй хүнд нөхцөл байдалтай байна.
Тухайлбал өнөөдөр дүүргийн НҮГ-1,2,3 ОНӨААТҮГ-ын зам талбайн үйлчлэгч нар дошин үүсгэж буй 5 дугаар хорооны 350 метр газар шороо асгаж, автомашины зам дээр тогтсон мөсийг хусаж арилгаж байна.