Онцгой байдлын ерөнхий газар, ОХУ-ын Онцгой байдлын яамны Бүгд Найрамдах Тува Улс дахь Ерөнхий газар хоорондын “Онцгой байдлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, тэдгээрийн үр дагаврыг арилгах талаар 2019 онд хамтран ажиллах төлөвлөгөө”-г байгуулах ажлын уулзалтыг Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газарт зохион байгууллаа.
Талууд ирэх 2019 онд хамтран хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө хэлэлцэн, “Онцгой байдлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, тэдгээрийн үр дагаврыг арилгах талаар 2019 онд хамтран ажиллах тухай төлөвлөгөө”-д гарын үсэг зурлаа.
Энэхүү төлөвлөгөөнд ОХУ-ын Онцгой байдлын яамны Бүгд Найрамдах Тува Улс дахь Ерөнхий газрын сургалтын төвд Ховд, Увс, Завхан, Говь-Алтай, Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын аврагч, гал сөнөөгчид болон удирдах албан тушаалтны ажил, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх сургалтыг зохион байгуулахаар тусгажээ.
Мөн уулзалтын үеэр Ховд аймгийн Онцгой байдлын газарт ашиглагдаж байгаа гал унтраах техник хэрэгсэл, аврах ажиллагааны багаж зэвсэглэмж болоод газрын үйл ажиллагаатай танилцаж, харилцан туршлага судалсан байна.
Энэхүү уулзалт нь Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд зохион байгуулагдсан юм.