Тэтгэврийн насанд өөрчлөлт орох тухай хэлэлцэж эхэлсэнтэй холбоотойгоор “Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах төв” болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Сангийн яам, Хөдөлмөр хамгааллын яаманп иргэдээс цөөнгүй асуулт ирүүлээд байгаа аж. Үүнтэй холбоотойгоор Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас дараахь тодруулгыг гаргажээ.
Уг тодруулгад “Тэтгэврийн нас нэмэх тухай яригдаж буй нь 2035 онд хэрэгжүүлэх юм. Одоо тэтгэвэрт гарах дөхсөн иргэдийн хувьд гэнэт тэтгэврийн нас нь хойшлогдох асуудал биш бөгөөд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуульд зааснаар нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 60 насанд хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй хэвээр байгаа” гэжээ. Харин тэтгэвэрийн хэмжээг нэмэх тухайд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа бөгөөд нийгэм, эдийн засгийн байдалтай уялдуулан тэтгэвэр нэмэгдүүлэх талаар тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр ажиллаж буй гэв.