2017 оны 6 сарын 21-нд УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар Сонгинохайрхан дүүргийн таван өрхөд өргөө цагаан гэр бэлэглэлээ. Өөрийн сонгогдсон СХД-н 8,11,10, 21, 28 зэрэг таван хорооныхоо амьдралын боломжгүй, өрх толгойлсон, хөгжлийн бэрхшээлтэй зэрэг амьдралын боломж тааруу таван иргэнийг сонгожээ. СХД-ийн наймдугаар хорооноос Б.Өнөр, 10-р хорооноос О.Лхамаахүү, 11-р хороо Ш.Отгонбаяр, 21-р хороо Б.Мөнхжаргал, 28-р хорооноос Б.Бадамцэцэг зэрэг таван иргэнийг сонгож гэр олгож байгаа юм байна. УИХ-ын гишүүн Д. Сумъяабазарт тойргийнх нь иргэдээс олон өргөдөл, гомдол ирдэг. Эдгээр таван иргэн нь өөрийн гэр оронгүй, айлын гэр, байр түрээслэн амьдардаг байсан бөгөөд гэр авах олон хүсэлтийг дундаас тэднийг сонгосон нь ч учиртай гэнэ. Өргөө цагаан гэртэй болсон иргэдийн гурав нь хөгжлийн бэрхшээлтэй, хоёр нь олон хүүхэдтэй өрх толгойлсон ээж юм байна. -Өргөө цагаан гэртэй болсон 8-р хорооны иргэн Б.Өнөр: Өнөөдөр өргөө цагаан гэр гардаж авч байгаадаа эгч нь их баярлалаа. Ам бүл 5-уулаа амьдардаг. Ээж минь бурхан болоод 7 хонож байна. Амьдрал ахуй хэцүү байсан, өөрийн гэсэн орох оронгүй, айлын гэр, хашаа байшингаар толгой хоргодож явна. Миний ах группийн мөнгө авдаг би ч гэсэн сардаа 140 мянган төгрөгийн группрээ л амьдрал ахуйгаа залгуулдаг ч хүрэлцдэггүй. Бага насны 4 хүүхэдтэй болохоор ажил хийдэг хүн байхгүй. Хоногийн хоолоо залгуулдаг хүмүүст шинэ битгий хэл хуучин гэр худалдаад авах бэл бэнчин ч үнэндээ байхгүй. Анх удаа өргөө цагаан гэртэй болж үр хүүхдүүдтэйгээ өнөр өтгөн сайхан амьдрах гэж байна. Тиймээс бидэнд их том тус хүргэсэн УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар болон бие төлөөлөгч Д.Идэрзаяа, ажлын хамт олонд ажлын амжилт хүсье.
-11-р хорооны иргэн Ш.Отгонбаяр: Ах нь их баярлаж байна, баярлаад баярын нулимсаа барьж дийлэхгүй нь. Би ганцаараа амьдардаг. Группийн хэдэн төгрөг авдаг юм. Манай тойргоос сонгогдсон Д.Сумъяабазар гишүүндээ хандаж их баярлалаа.
-28-р хорооны иргэн Б.Бадамцэцэг: Надад хэлэх ч үг олдохгүй байна.Гэр гардуулж өгнө гэсэн мэдээ сонсоод догдлоод шөнө ч нойр хүрсэнгүй сэрвэлзэж хоносон шүү дээ. Одоо ингээд дүү нар болон хүүхдүүдтэйгээ гэрээ гардаж авахаар хүрэлцэн ирсэн байна. Энэхүү гэрийг олгох шийдвэр гаргасан Д.Сумъяабазар гишүүндээ маш их талархаж баярлалаа. Мөн дүүргийнхэн болон хорооны Засаг даргадаа баярлалаа. Ам бүл 9-үүлээ амьдардаг. Хоёр ачаа харж гэртээ суудаг. Хүүхдүүд ажилтай. Миний амьдрал ахуй байгаа байдлыг минь харж үзэж, гэрийг минь шинэчилж, шинэ таван ханатай гэр олгож байгаад дахин баярлалаа.
-О.Лхамаахүү: Эгч нь өрх толгойлсон эмэгтэй, дөрвөн хүүхдийн хамт амьдардаг. Том хүүхэд 14 настай бөгөөд 10 сартай бага дүүгээ асардаг. Би өөрөө хувиараа барилгын ажил хийж, орлого олдог. Эгч нь залуудаа алдаж эндэж явсан. Харин суллагдаж гарч ирээд хүн шиг сайхан амьдрах хүсэл мөрөөдөл тээж, айлын хашаа байшин хөлсөлж амьдардаг. Гэхдээ байшингийн тогны мөнгийг л төлдөг юм. Одоо ингээд өөрийн гэсэн орон гэртэй болж байгаад туйлын их баярлаж байна. Ганц хүний орлогоор амьдрал минь болж байна. Түр хугацаагаар айлын хашаанд гэрийг минь буулгаж өгнө гэж хорооны Засаг дарга хэлсэн. Тиймээс гэртэй болгож өгөхөд их дэмжлэг туслалцаа үзүүлсэн хорооны Засаг дарга Б.Хишигт болон гишүүн Д.Сумъяабазар нартаа баярлаж байна. Та бүхнийхээ итгэлийг алдахгүй, улам хичээж сайхан амьдрах болно”.
-21-р хорооны иргэн Б.Мөнхжаргал: Би өрх толгойлсон эмэгтэй. Ам бүл 8-уулаа. Хөгжлийн бэрхшээлтэй охинтой. Одоо айлын хашаанд сарын 50 мянган төгрөгийн цалинтай манаачийн ажил хийдэг. Хөгжлийн бэрхшээлтэй охин маань сард группийн мөнгө гэж 140 мянган төгрөг авдаг. Би өөрөө худагт ус түгээгч хийдэг. 0-4 насны гурван хүүхэдтэй болохоор амь амьдрал жаахан хэцүүхэн дээ. Гэртэй болгож өгөөч гэсэн өргөдлийг хоёр жилийн өмнө дүүргийнхээ ИТХ-ын дарга Мөнхжаргалд гаргаж өгч байсан. Тэрнээс хойш ямар нэгэн шийд, чимээ чагнаж суусан даа. Харин өнөөдөр өргөдлийн минь хариу бэлэг болгож өргөө цагаан гэртэй болгож байгаад баярлаж сууна. Өөрийн гэсэн орон гэртэй болвол гэж байнга боддог байсан. Хүсэл мөрөөдөл минь биелж байна. Одоо гэрээ ачиж авч яваад манаач хийдэг хашаандаа буулгана даа.
Сонгинохайрхан дүүрэг бол нийслэлийн хамгийн олон хүн амтай, гэр хороолол ихтэй дүүрэг. Тиймдээ ч энэ дүүрэгт сургууль, цэцэрлэг, эмнэлэг, газрын асуудал, хогны асуудал тулгамдаж байдаг. УИХ-ын чуулганы хуралдаан түр завсарласан байгаа учир УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарын хувьд сонгогдсон тойргийнхоо иргэдэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, тэдний саналыг сонсох зорилгоор чуулганы завсарлагааны үеэр хорооддоо ажиллаж байна.