Улаанбаатар /МОНЦАМЭ/ Жэй Си Ай /JCI/ Олон улсын байгууллагын Ази-Номхон далайн 2017 оны чуулган “JCI 2017 ASPAC” Улаанбаатар хотноо эхэллээ.
Уг чуулганд дэлхийн 51 орны 3500 манлайлагч, бизнес эрхлэгч залуус оролцохоор хүрэлцэн ирээд байна. Чуулганы үеэр 84 төрлийн арга хэмжээг зохион байгуулах бөгөөд бүс нутгийн хөгжлийн тулгамдсан есөн төрлийн асуудлаар форум, хэлэлцүүлэг хийх юм. Хэлэлцэх асуудлуудын хоёр сэдэв нь Монгол Улстай холбоотой Улаанбаатар хотын ногоон хөгжил, Монгол Улсад бизнес эрхлэх ямар бололцоо байгаа талаар хэлэлцэнэ. Түүнчлэн “Ази-Номхон далайн бүс нутгийн хөгжил” сэдвээр зөвлөлдөх уулзалтанд энэ чиглэлийн судалгаа хийдэг, олон жил ажилласан хүмүүс цугларч санал бодлоо солилцоно. Эдгээр арга хэмжээний хажуугаар Ерөнхий ассамблей болох бөгөөд 1800 гаруй төлөөлөгчид албан ёсоор оролцох аж. Чуулганы төгсгөлд “JCI”-ийн 2022 он хүртэлх хийх ажлынхаа төлөвлөгөөг гаргах юм.
Олон улсын “JCI” байгууллагын чуулга уулзалт манай улсад болсноор Монголын залуучуудын байр суурь олон улсад бэхжих чухал ач холбогдолтой. “АСПАК”-ийн нэг онцлог бол залуус, зочид очсон газартаа заавал буцаж ирж бизнес эрхэлдэг, эсвэл аялал жуулчлалаар ирдэг шинэ том гарц өөрөөр хэлбэл Монголд бизнесийн болон аялал жуулчлалын том гарц нээгдэнэ. Мөн Монгол залуус олон улсын манлайлагч залуустай хамтарч хөгжих, хамтарч ажиллах боломж, сүлжээг бий болгодог аж.
Чуулга уулзалт “Шангри Ла”, “Туушин”, “Улаанбаатар”, “Блю Скай” зочид буудлуудад дөрвөн өдрийн турш үргэлжилнэ.