-Манай улс инноваци технологийн асуудалд анхаарлаа хандуулж эхэлсэн нь хотод энэ чиглэлийн бүтэц анх удаа бий болгож буйгаар харагдаж байх шиг. Гэсэн ч дараа жил сонгууль болох гэж байна. Энэ богино хугацаанд ямар ажил хийхээр төлөвлөж байгаа вэ?
-Дэлхийн бараг бүх улс өөрсдийн өмнө тулгарч буй асуудлуудаа технологи, инновациар шийдэж байна. Нөгөө талаасаа дэлхий ертөнцийг технологи асар хүчтэй өөрчилж байна. Санаанд оромгүй өөрчлөлтүүд бий болж байна шүү дээ. Нийслэл хот маань энэ чиглэл рүү анхаарах ёстой. Тиймдээ ч үүнд их ач холбогдол өгч түүхэндээ анх удаа энэ бүтцийг бий болгосон байх. Мэдээж дараагийн сонгууль хүртэл богино хугацаа үлдсэн. Гэтэл хийх, технологиор шийдэх зүйл маш их байна. Бидний өмнө тулгамдсан асуудал зөндөө. Жишээлбэл, Улаанбаатар хотын замын хөдөлгөөний асуудал. Уг асуудлыг дэлхийн хотууд цэвэр технологиор шийдсэн. Манай нийслэл 1000 хүнд ногдох автомашиныхаа тоогоор дэлхийд дээгүүрт бичигддэг. Ийм нөхцөлд аль болох хууль дүрмээ чангатгаж, хэрэгжүүлж байж тодорхой үр дүнд хүрнэ. Гэтэл манайд дүрэм, журам нь байдаг ч хэрэгжилтийг нь хангах суурь дэд бүтэц байдаггүй тул дүрэм, журмыг тэр бүр хэрэгжүүлж чаддаггүй. Жишээ нь дугаар хязгаарласан журам байдаг ч олон хүн хязгаарлалттай өдөр машинаа унаад л явж байдаг, эргэхгүй эгнээнээс эргэдэг гээд олон зүйлийг дурдаж болно. Тиймээс тэрхүү хууль, журам хэрэгжих нөхцлийг технологи ашиглаж бүрдүүлэх ёстой.
Нэгэнт хугацаа давчуу, цаг богино байгаа учраас олон зүйл рүү самгардалгүй, хэдхэн зүйлд анхаарал хандуулах зорилт тавьсан. Одоо замын хөдөлгөөнтэй холбоотой цогц технологийн шийдэл нэвтрүүлэхээр төлөвлөгөөг нь боловсруулж байна. Улаанбаатар хотод сүүлийн хэдэн жил камер тавьж, нэг үеэ бодоход нэлээд камержсан гэж хэлэхэд болно. Үүнийг бусад технологийн шийдэлтэй хослуулж ашиглан, замын хөдөлгөөнийг зохицуулна гэсэн үг. Одоогоор Улаанбаатарт 500 гаруй мянган автомашин хөдөлгөөнд оролцож байна. Гэтэл эднээсээ татвараа ч гүйцэд авч чадахгүй байна шүү дээ. Мөн хотын замын хөдөлгөөнд оролцож буй автомашины хэд нь таксинд явдаг, хэд нь зөвхөн гэр, ажил хоёрын хооронд унахад зориулагддаг, хэд нь өдөржин нэг зогсоол дээр зогсдог гэсэн тоо баримт ч алга. Хэмжиж чадахгүй байгаа учраас удирдаж чадахгүй байна гэсэн үг. Үүнээс үндэслээд автомашины хөдөлгөөнийг хардаг, мэдэрдэг, тооцоолж чаддаг системүүд хийх ёстой юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Мөн энэ хүрээнд зогсоол зогсоолын автомат шийдлүүдийг хийх хэрэгтэй. Зогсоолтой зэрэгцээд төлбөрийн системийн ажлууд гарч ирнэ. Нийслэлд ухаалаг системээр төлбөрийг шийдсэн хэд хэдэн жишээ бий. Тухайлбал, нийтийн тээвэр, ухаалаг худаг гээд тус тусдаа төлбөрийн систем ашигладаг. Тэгвэл эдгээрийг хооронд нь уялдуулах, нэгтгэх систем хэрэгтэй. Энэ мэтчилэн ганцхан замын хөдөлгөөнийг зохицуулах төсөл шиг харагдаж буй боловч дотроо маш олон дагалдсан дэд ажлуудыг шаардсан цогц ажил. Энэ бол нэн тэргүүнд шийдвэрлэх ажил.
-Төрийн үйлчилгээ бол ерөнхийдөө цахим хэлбэрт шилжсэн гэж харж байгаа. Цаашид үүнийг илүү боловсронгуй болгох тал дээр ямар ажил хийх вэ?
Төрийн үйлчилгээний чиглэлд 2016 оноос хэд хэдэн ажил хийсэн. Төрийн байгууллагуудын хооронд мэдээлэл солилцох платформ хийснээр иргэдээс өөрт байгаа мэдээллийг авахгүй байх, дотоод ERP маягийн систем хийснээр төрийн байгууллагуудын ажилчдын хоорондын уялдаа холбоо сайжирч, мэдээллээ солилцоход хялбар болсон. Одоо харин иргэдтэйгээ харилцах системүүд буюу интерфэйсүүдээ хөгжүүлэх ажил руугаа түлхүү орж байна. Ирэх аравдугаар сарын 1 гэхэд бүх төрийн үйлчилгээг цахим болгож, операторын системд шилжүүлсэн байх ёстой гэсэн Засгийн газрын тогтоол гарсан. Энэ тогтоол бодит байдал болсноор төрийн үйлчилгээг хорооны түвшинд аваачих, цахим хуудас, аппликейшнээр дамжуулж үйлчилгээ авах, төрийн үйлчилгээний цэгүүд дээр ажиллаж байгаа ажилчдын ачааллыг тэнцүүлэх зэрэг олон дэвшил гарна. Өнөөдрийн Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүд дээр гардаг хүндрэл болох нэг ажилчнаар үйлчлүүлэх иргэдийн тоо олон байхад нөгөөхийнх нь цөөн байна гэсэн асуудал гарахгүй, бүгд төрийн бүх үйлчилгээг үзүүлж чаддаг болно гэсэн үг. Бэлтгэл ажил үндсэндээ хангагдсан.
-Манай улсын залуучууд Солонгост ажиллахаар явдаг цуваа дахиад эхэлчихлээ. Эх орондоо ажиллах хүн алга хэмээн шүүмжилдэг. Гэсэн ч нөгөө талаас ажлын байр байхгүй, байсан ч цалин бага гэдэг тайлбар тавьдаг. Хүн амын талаас илүү хувь нь амьдардаг нийслэлийн иргэдэд инноваци технологид суурилсан ажлын байр, цалин хангамжийг хэрхэн бүрдүүлэхээр зорьж байна вэ?
-Бүх зүйл эдийн засгийн агуулгатай байдаг учраас иргэдээ орлоготой болгох шаардлагатай. Улаанбаатрын хүн амын бүтцийг харахад дийлэнх нь залуучууд байна. Нэг үгээр хэлбэл, залуусын хот. Тиймдээ ч сургууль, цэцэрлэг зэрэг олон зүйл нэн тэргүүний шаардлага болоод байна. Мөн хөдөө орон нутгаас хүсэл, мөрөөдөл тэмүүлэл дүүрэн залуучууд ирж суралцдаг. Гэтэл тэднийг бэлтгэгдээд гараад ирэхэд тосоод авах эдийн засгийн бүтэц, ажилтай орлоготой байлгах боломж нь хомс. Нөгөө талаас дэлхий дахинд хамгийн хэрэгтэй байгаа нь IT-ийн мэргэжилтнүүд. Хэрвээ IT-ийн мэргэжилтнүүдийг бодлогоор дэмжин, залуусаа энэ чиглэлд бэлтгээд, тодорхой хэмжээний бүтээгдэхүүн үйлчилгээ хийдэг болчихвол Япон зэрэг өндөр хөгжилтэй орнуудаас захиалга авах боломжтой болно гэж харж байгаа. Тиймээс ажилгүй байгаа залуусаа инженер болгох хөтөлбөр хэрэгжүүлэх гэж байна. IT-ийн салбарт ажиллаад эхэлчихвэл Монголдоо дэлхийн хэмжээний цалин авч болно. Манай залуусын оюуны чадамж ч энэ чиглэлд ажиллахад боломжтой байдаг. Учир нь манай эцэг, эхчүүд хүүхдийн математик сэтгэлгээг хөгжүүлэхэд их анхаардаг ард түмэн шүү дээ.
Дараагийн нэг ажил нь мөн л иргэдийн орлогыг нэмэгдүүлэхэд чиглэсэн. Бид жижиг, дунд үйлдэрлэл гэж маш олон жил ярилаа. Харамсалтай нь санасанд хүртэл хөгжөөд, эдийн засгийн суурь болсон зүйл одоогоор алга. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхэлдэг иргэдэд тулгамддаг хэд хэдэн асуудал бий. Манай зах зээлд гадаадын ямар ч бүтээгдэхүүн орж ирээд үндэсний үйлдвэрлэлтэй өрсөлддөг глобаль шинжтэй. Тэдэнтэй жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид маань брэндинг, маркетинг, савлагаа гээд олон зүйлээр дутуу тэдэнтэй өрсөлдөх хэмжээнд байж чаддаггүй. Нөгөөтэйгүүр, борлуулалтын өөрийн гэсэн суваг, нэрийн дэлгүүр зэрэг зүйлсэд санхүүгийн чадамж, боломж бололцоо нь хүрдэггүй. Борлуулалт нь сайн байж чадаагүйгээс ашиг орлого нь нэмэгдэхгүй, дараагийн бүтээгдэхүүний хөгжүүлэлт сайжирдаггүй байдал ажиглагддаг. Энэ асуудалд дэлхийн бусад улс шийдэл, гарц гаргалгааг нь олоод хэрэгжүүлээд явж байна. Тэгвэл бид тэр бэлэн загварыг нь ашиглаад ажиллах боломжтой. Тайвань, Их Британи зэрэг улсууд тэрхүү загварыг ашиглаж, олон хүнийг ажилтай, орлоготой болгосон байдаг. Түүнийг улсдаа, нийслэлдээ нэвтрүүлэхээр төсөл боловсруулах гэж байна. Мөн Шинжлэх ухааны академи болон чиглэл чиглэлийн их сургуулиуд дээр хийгдсэн судалгаанууд байдаг. Тус судалгаануудыг ашиглан хотынхоо тодорхой асуудлуудыг шийдвэрлэе гэсэн төлөвлөгөө бий. Тухайлбал, Шинжлэх ухааны академийн Хими, технологийн хүрээлэнд хөрсний бохирдлыг шийдвэрлэж чадахуйц хэмжээний технологи боловсруулчихсан байж байна. Түүнийг эдийн засгийн эргэлтэд оруулах ёстой юм.
-Манай улс технологийн парк байгуулна гэж олон жил ярьж байна. Гэсэн ч биеллээ олсон нь ховор. Үүнд танай бүтэц бүрэлдэхүүний хийх ажил байх болов уу гэж бодож байна.
-Технологийн парк хөгжвөл орчин үеийн техник технологийг Монгол Улсын эдийн засагт нэвтрүүлэх гол талбар болохоос гадна хүмүүсийг ажилтай орлоготой болгодог зэрэг олон талын ач холбогдолтой. Улаанбаатар хотод Эмээлтийн, Багануурын, Налайхын, Багахангайн гэсэн дөрвөн технологийн парк байгуулна гээд олон жилийн өмнөөс төлөвлөчихсөн. Харамсалтай нь одоог хүртэл ямар нэгэн үр дүн гараагүй. Шалтгаан нь технологийн парк гэдэг зүйл нь манайхны хувьд цоо шинэ зүйл. Ямар ч туршлага байхгүй гэж хэлэхэд болно. Үүнийг ажил хэрэг болгохоор бид төвлөрч ажиллаж байна. Юуны түрүүнд Налайхын Үйлдвэр технологийн паркийг бодитоор хийж үзээд, түүнээс авсан туршлагаараа дараа дараагийн технологийн парк дээр ажиллана. Налайхын парк дээр анхны компаниуд нь гишүүн болж, хөрөнгө оруулалтаа хийгээд, үйл ажиллагаагаа эхэлсэн. Манай улсад анх удаагаа Үйлдвэр технологийн парк ажиллаж эхэллээ гэж ойлгож болно. Анхны орж ирсэн компани нь тус дүүргээс 40 хүнийг ажилд авч, ажиллуулж байна. Цаашид өргөтгөлөө хийчихвэл 400 хүртэл хүн ажилд авах юм билээ. Мөн барилгын эмульс зэрэг нунтаг материалуудын үйлдвэр баригдаж байна. Тэнд дахиад 50-60 ажлын байр гарч ирнэ. Мэдээж парк бидний хувьд шинэ зүйл учраас олон шийдэгдээгүй асуудал, хүндрэлийг давах хэрэг гарч байна. Гэхдээ эндэх асуудлуудыг хэрхэн яаж шийдвэрлэх нь бидэнд туршлага болж дараагийн паркуудыг хэлүүлэх туршлага болж байгаагаараа үнэ цэнтэй.
-Нийслэл дэргэдээ Цахим бодлогын зөвлөлийг байгуулсан гэж сонссон. Ямар чиг үүрэгтэйгээр, ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ?
-Цахим бодлогын зөвлөл нь дээр ярьсан зүйлүүд дээр чиглэл, зөвлөмж өгөх үүрэгтэйгээр байгуулагдсан. Хуучин нийслэлийн ИТХ-ын дэргэд “Ухаалаг Улаанбаатар” гэж хороо байсан. Энэ нь зөвхөн Иргэдийн хурлын төлөөлөгч нараас бүрддэг байсан. Гэтэл төлөөлөгч нар маань бүгд технологийн чиглэлийн нарийн мэдээлэл, мэдлэгтэй байж чадахгүй, тийм боломж ч байхгүй шүү дээ. Тиймээс мэргэжлийн байгууллагуудаас татаж оролцуулах шаардлагатай байсан учраас энэ зөвлөлийг байгуулсан. Саяхан зөвлөлийнхөө анхны хурлыг хийсэн. Хурал дээр Улаанбаатарт байгаа хяналтын камеруудын нөхцөл байдлыг хэлэлцсэн. Нийслэлд байгаа хяналтын камеруудын хөрөнгө оруулалтыг хэн хийх, хэрхэн суурилуулж, хүлээн авах болон яаж ашиглах тал дээр асуудлаа хэлэлцэж, дундаасаа зөвлөмж гаргасан. Уг зөвлөмжийн нийслэлийн Засаг дарга ажлын хэсэг байгуулсныг нь миний бие ахалж байгаа. Ажлын хэсэг нь хотод байгаа бүх камеруудыг судалж, журам боловсруулж байна.
-Улаанбаатар хотод хэчнээн хяналтын камер байдаг вэ. Тэдгээр нь хэрэгцээтэй цэгтээ байж чадаж байна уу?
-Уг нь бол Улаанбаатар маш олон камер суурилуулсан, камержсан хот мөн. Гэсэн ч таны хэлдгээр хэрэгцээтэй цэгтээ байгаа нь бага. Жишээлбэл, өнгөрсөн жил манай цагдаагийн байгууллага 260 мянга гаруй гэмт хэрэг, зөрчлийн дуудлага авсан ба үүний 20 гаруйхан хэрэг дээр нь л камер өгөөжөө өгсөн гэсэн судалгаа байдаг юм байна. Энэ бол маш бага тоо. Үүний шалтгаан нь суурилуулж буй камерууд нь чанарын шаардлага хангадаггүй, маш муу үзүүлэлттэй, хүн танихын аргагүй дүрс бичдэг гэх зэргээр чанаргүй камерууд суурилуулсан байдаг юм байна. Нийслэлийн, улсын төсвийн хөрөнгө оруулалт, орон нутгийн хөгжлийн сангаар гэх мэт төрөл бүрийн санхүүжилтээр хийгддэг боловч шаардлага хангасан нь ховор. Мөн төсвийн хөрөнгө оруулалтаар ажил хийж өгч буй аж ахуйн нэгж, байгууллагууд нь үнэхээр маш муухай сэтгэлгүй зүйл хийж байсан байгаа юм. Улсын комисс хүлээж авах үед нь цахилгаанд залгаад харуулчихдаг. Гэтэл тэр нь түр цахилгаанд холбогдсон байдаг тул дараа нь салгагдаад камер нь ажиллахгүй болдог. Интернет сүлжээ мөн адил. Түр зуур интернетэд холбож харуулдаг. Байнгын холболт байхгүй байна гэсэн үг шүү дээ. Энэ мэт асуудал маш их байна. Үүн дээр камер ашиглалт, засвар үйлчилгээ нь орхигдчихсон байдаг. Харин ажиллаж байгаа цөөхөн хэдэн камер нь цагдаагийн байгууллагын Шуурхай удирлагын төвтэй холбогдоогүй. Цагдаагийн байгууллагынхан тус төвд холбох гэхээр тухайн камер эзэмшиж буй аж ахуй нэгж, байгууллагууд нь зөвшөөрдөггүй юм билээ. Нэгдсэн сүлжээнд холбогдоогүй учир гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлж чаддаггүй гэх мэт маш олон асуудал байна. Үүнийг цэгцлэхээр журам боловсруулж байна. Аливаа хотын хувьд хяналтын камерийн хамгийн том хэрэглэгч нь хууль, хүчний байгууллагууд байдаг. Тиймээс хяналтын камеруудаа цагдаагийн байгууллага руу холбодог, шинээр хяналтын камер суурилуулах гэж байгаа бол хууль сахиулах байгууллагын мэргэжлийн хэсгүүдээс тодорхойлолт авдаг байхаар журмандаа тусгаж буй.
-Төсвийн хөрөнгө оруулалтаар өнгөрсөн хугацаанд хэчнээн хяналтын камер суурилуулсан бэ. Үүнээс хэд нь ажиллаж байна вэ?
-Улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 1700 гаруй хяналтын камер суурилуулсан юм билээ. Үүнээс 500 гаруй нь л ажиллахгүй байна. Үүн дээр хувийн хэвшлийн байгууллагууд хяналтын камер суурилуулдаг. Ялангуяа шөнийн цэнгээний газар, зоогийн газруудыг хяналтын камер суурилуул гэсэн шаардлага тавьдаг. Гэтэл хувийн хэвшлийн мөн л дээр дурдсанчлан камер төдий зүйлээр аргалаад өнгөрөөдөг нь харамсалтай.
-Энэ жил хэчнээн хяналтын камер нэмж суурилуулахаар төлөвлөж байна?
-Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалт болон орон нутгийн хөгжлийн сангаар нийт 1.5 тэрбум төгрөгөөр камер суурилуулахаар төсөвлөсөн байна. Мөн БНХАУ-ын Засгийн газар манай Засгийн газартай тохиролцоод 36 сая доллароор камерийн систем нэвтрүүлэхээр тохиролцсон. Уг төсөл нь Хууль зүйн яаманд хянагдаж буй. Хэрвээ хэрэгжүүлээд эхэлбэл дүүргүүдийн алслагдсан хороодууддаа хяналтын камерыг идэвхтэй нэвтрүүлэхээр төлөвлөж байна. Ер нь 8-10 мянган камер суурилуулах төлөвлөгөө бий. Ингэвэл нийслэлийн аюулгүй байдлыг бүрэн хангаж чадна гэж үзэж буй.
-Төрийн болон хувийн хэвшлийн байгууллага зэрэгцээ оршдог тохиолдолд хоёулаа хяналтын камертай байх шаардлагатай юу?
-Журман дээрээ энэ асуудлыг зохицуулна. Нэг шон дээр 5-6 хян
алтын камер суурилуулчихсан тохиолдол ч байна. Үүнийг жил бүрийн камер суурилуулалтын төлөвлөгөө гэж зүйл хийж цэгцэнд оруулна. Жил бүрийн тавдугаар сарын 15-наас өмнө хаана, хаана камер шаардлагатай байгаа, хаана давхцуулахгүйгээр тавих зэргийг судалж, цэгүүдээ төлөвлөж, батлуулна. Энэ мэтээр шат дараатай цэгцлэх ажлууд их байна.