Монгол Улсын Засгийн газраас Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөн, шинэчлэх шийдвэрийг гаргасан билээ.
Дээрх чиглэлийн одоо байгаа хоёр эгнээ авто замын шинэчлэлийн ажлыг Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр хийх бөгөөд сонгон шалгаруулалтыг 5 хэсэг болгон зарлаж, засвар шинэчлэлтийн ажил гүйцэтгэх компаниудын зөвшөөрлийг Азийн Хөгжлийн Банкнаас ирүүлээд байна.
Өнгөрөгч баасан гаригт Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд болон түр замын зураг төслийг боловсруулсан “Ар Си Эс Си” ХХК-ийн инженерүүд Улаанбаатар-Дархан чиглэлийн замд ажиллалаа. Түр зам тавих ажлыг Дархан, Сэлэнгэ, Булган, Төв, Баянчандмань АЗЗА компаниуд 40-50 километрээр хуваан гүйцэтгэх бөгөөд ажлыг 10 хоногт багтаан дуусгахыг Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд үүрэг болгов.
Түр замыг бүрэн хийж дууссаны дараа гол замын хөдөлгөөнийг хааж, гүйцэтгэгч компаниудын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ.