Нүүр хуудас Нийгэм “Улаанбаатар хотын Эрчим хүчний мастер төлөвлөгөө” танилцуулагдлаа

“Улаанбаатар хотын Эрчим хүчний мастер төлөвлөгөө” танилцуулагдлаа

332
0
Power Pole and Electricity Station

“Улаанбаатар хотын Эрчим хүчний мастер төлөвлөгөө” судалгааны урьдчилсан тайланг танилцуулах семинарыг энэ сарын 22-нд зохион байгууллаа. Семинарт эрчим хүчний салбар, нийслэлийн харьяа байгууллага, инженерийн шугам сүлжээний байгууллага, олон улсын болон банк санхүүгийн байгууллага болон хувийн хэвшлийн 30 гаруй төлөөлөл урилгаар оролцсон.

Тус судалгааг ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны санхүүжилтээр Улаанбаатар хотын захиргаатай хамтран хэрэгжүүлж буй GIZ-ийн “Азийн хотуудын нөөцийн цогц менежмент: Хотын Нэксус” төслийн захиалгаар ХБНГУ-ын Фраунховерийн хүрээлэнгийн Нарны эрчим хүчний системийн институт гүйцэтгэж байгаа юм. Судалгааны нээлтийг 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдөр зохион байгуулж судалгааны зорилт, хүлээгдэж буй үр дүнг танилцуулж байсан.

Судалгаагаар дулаан, цахилгааны үйлдвэрлэл, түгээлт, хангамж, хэрэглээний одоогийн байдалд иж бүрэн тооллого хийж эрчим хүчний хэтийн хэрэгцээ, хангамж болон авах арга хэмжээний хувилбаруудыг урьдчилан тодорхойлно. Улмаар Улаанбаатар хотод сэргээгдэх эрчим хүчинд түлхүү суурилсан тогтвортой эрчим хүчний системийг бий болгоход тустай технологийн шийдлүүдийг тодорхойлж эрчим хүчний системийг шинэчлэх чиглэлээр зөвлөмж гаргах юм.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр семинарыг нээж хэлсэн үгэндээ “Судалгааг нийслэлийн зүгээс Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний нэг хэсэг гэж үзэж байгаа. Ялангуяа нүүрснээс хамааралтай эрчим хүчний хангамжтай нийслэл хотын хувьд цаашид дэлхий нийтийн чиг хандлагад нийцсэн хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад чиглэсэн бодлого шийдвэр, үйл ажиллагаа явуулах, тогтвортой бөгөөд байгаль орчинд ээлтэй эрчим хүчний хангамжийг бий болгох, түүнд тохирсон сэргээгдэх эрчим хүчний технологийн шийдлүүдийг тодорхойлоход энэ судалгаа ихээхэн үүрэг гүйцэтгэхээс гадна Парисын Уур амьсгалыг хэлэлцээрэр хүлэмжийн хийг бууруулах чиглэлээр Монгол Улсын үүрэг, амлалтанд Улаанбаатар хотын оруулах хувь нэмэрийг тодорхойлоход чухал судалгаа болно” хэмээн онцлосон. Мөн тэрбээр Улаанбаатар хот нийслэлийн Засаг даргын захирамжаар УБ хотын уур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицох (adaptation) болон уур амьсгалын сөрөг нөлөөллийг сааруулах (mitigation) хөтөлбөр боловсруулах Ажлын хэсэг байгуулсаныг дуулгасан.

Судалгааг гүйцэтгэж буй Германы Фраунховерийн хүрээлэнгийн Нарны эрчим хүчний системийн институтийн судалгааны багийн ахлагч ноён Герхард судалгааны урьдчилсан тайландаа эрчим хүчний одоогийн болон хэтийн хэрэглээтэй холбоотой тоон мэдээлэл, таамаг, эрчим хүчний системийн загварчлал, арга хэмжээний үр нөлөө, Улаанбаатар хотод ашиглаж болох сэргээдэх эрчим хүчний эх үүсвэр, төрөл, нөөц, тэдгээрийг ашиглах боломж болон хүлэмжийн хийг бууруулах болон эрчим хүчний хэтийн хөгжилд үзүүлэх нөлөөлөл мөн энэ чиглэлээр өгч болох зарим зөвлөмжийг урьдчилсан танилцуулж хэлэлцүүлсэн. Мөн судалгааг улам боловсронгүй болгоход цаашид нэмэлт дэлгэрэнгүй тоон мэдээлэл цуглуулах шаардлага байгааг дуулгаж энэ талаар дэмжлэг үзүүлэхийг холбогдох байгууллагуудаас хүссэн юм.

Танилцуулгатай холбоотойгоор семинарт оролцогчдын зүгээс эрчим хүчний салбарын бүтэц зохион байгуулалтыг боловсронгүй болгох, эрчим хүчний загварчлалын программ хангамжийг Монголын талд хүлээлгэж өгөх, судалгааг одоо байгаа салбарын бодлого, стратегитай уялдуулах, шөнийн цахилгааны хэрэглээ, нэвтрүүлж болох энгийн эрчим хүчний технологийн шийдэл, сэргээгдэх эрчим хүчний үнэ тариф болон энэ талын зарим зохицуулалт, норм стандартыг бий болгох талаар асууж лавлаж байлаа.

“GIZ”-ийн “Хотын Нэксус” төсөл энэ судалгааны завсарын тайланг ирэх оны нэгдүгээр сард, төгсгөлийн тайланг мөн оны дөрөвдүгээр сард бэлэн болгож Монгол улсын Эрчим хүчний яам, Улаанбаатар хотын захиргаа, бусад холбогдох газруудад хүргүүлэх юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here