Нүүр хуудас Нийгэм Улаанбаатар хотын 2019 оны төсвийг баталлаа

Улаанбаатар хотын 2019 оны төсвийг баталлаа

105
0
amarsaihan
Улаанбаатар хотын 2019 оны төсвийг баталлаа

Ирэх жилийн хотын нийт орлого 796.1 тэрбум, үүнээс татварын орлого 628.4 тэрбум байхаар Улаанбаатар хотын 2019 оны төсвийг өнөөдөр НИТХ-ын ээлжит ХХ хуралдаанаар батлав.

Хуралдаанаар төлөөлөгчид Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд болон холбогдох албан тушаалтнуудаас асуулт асууж, хариулт авч, саналаа хэлж хэлэлцэв.

Тухайлбал, хотын захиргааны шинэ байр барих зардлаас 20 тэрбум төгрөгийг хасах асуудлаар НИТХ дахь АН-ын бүлгээс санал гаргасан боловч төлөөлөгчид дэмжсэнгүй. Мөн нийслэлийн 380 жилийн ойг тэмдэглэх зардалд 3 тэрбум төгрөг тусгасныг ИТХ дахь МАН-ын бүлэг 2.5 тэрбум төгрөг болгож бууруулах санал гаргасныг дэмжив.

Мөн Нийслэлийн орон сууцны хөтөлбөрт туссан 10 тэрбум төгрөгийг 4 тэрбум болгон бууруулах МАН-ын бүлгийн санал дэмжигдсэн юм.

Ирэх оны нийслэлийн төсвийн төсөлд Нийгмийн бодлогын хорооны саналаар шинээр нэмж тусгахаар төлөвлөсөн сургуулийн автобусны хэрэгцээнд зарцуулах 300 сая төгрөгийн саналыг төлөөлөгчид дэмжлээ.

Харин “Уншлагыг дэмжих-2021” төслийн хүрээнд хүүхэд залууст ном унших боломжийг бүрдүүлэх ажилд 250 сая төгрөгийг нэмж тусгах саналыг дэмжсэнгүй.

Төсөв батлахын өмнө нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Д.Баттулга, Төрийн сан болон төсөв хариуцсан албан тушаалтнаас төсөлд оруулж буй өөрчлөлтүүд нийт төсвийн орлого, зарлагын хэмжээнд нийцэж байгаа, эсэхийг лавласан юм.

Нийслэлийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү хариулахдаа “Төлөлөөгчдийн хэлэлцэж байгаа орлогын өөрчлөлтүүд нь балансаа барьж байгаа, ямар нэг байдлаар зөрүү үүсэхгүй” гэв.

Нийслэлийн төсвөөс 2019 оны Улсын төсөвт шилжүүлэх орлогын хэмжээг 289.1 тэрбум төгрөг байхаар тогтоолд тусгалаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here