Нүүр хуудас Нийгэм Улаанбаатар-Эрхүү чиглэлийн хурдан галт тэрэг хөдөллөө

Улаанбаатар-Эрхүү чиглэлийн хурдан галт тэрэг хөдөллөө

623
0
Улаанбаатар-Эрхүү чиглэлийн хурдан галт тэргийн анхны аяллын нээлт өчигдөр /2017.12.11/ боллоо.

“Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгээс Алтанбулаг боомтоос Хиагт хүрэх зорчигч болон ачаа тээврийн урсгалыг нэмэгдүүлэх зорилгоор Улаанбаатар-Эрхүү чиглэлд 305, 306 дугаар галт тэргийг долоо хоногт гурван удаа буюу даваа, мягмар, бямба гарагт аялуулах болов. Өмнө нь Улаанбаатар-Эрхүү чиглэлд галт тэргээр зорчиход 40 орчим цаг явдаг байсан бол аяллын замдаа Сүхбаатар, Наушки болон Улаан-Үүд гэсэн гурван өртөөнд зогсох энэхүү галт тэргээр аялснаар ердөө 24 цагийн дотор зорьсон газраа хүрэх юм.
Монгол, ОХУ-ын иргэд харилцан гурван сарын хугацаанд визгүй зорчдог болсноос хойш Алтанбулагийн боомтын ачаалал ихээхэн нэмэгдсэн. Тухайлбал, тус боомтоор Монголын талаас өдөрт 500 орчим автомашин нэвтэрдэг гэсэн судалгааг холбогдох байгууллагууд гаргажээ. Тиймээс иргэдийн ая тухтай, хямд зардлаар зорчих нөхцлийг бүрдүүлэх зорилгоор энэхүү хурдан галт тэргийг аялуулах болсныг “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дарга Д.Жигжиднямаа онцлов. Мөн тэрбээр, хурдан галт тэргийг аялуулж эхэлснээр манай улсын аялал жуулчлалын салбарын хөгжилд томоохон түлхэц үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа дурьдлаа.

Тус аяллын нээлт болгон www.eticket.ubtz.mn цахим хуудсаар дамжуулан явуулсан тасалбарын сугалаат худалдаагаар Улаанбаат-Эрхүү чиглэлд нэг талдаа зорчих эрхийн бичгийн эзэн болсон Б.Урангуа, Д.Дуламжав нарт батламжийг нь гардуулав.

Энэ үеэр ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Гуравдугаар нарийн бичгийн дарга М.Б.Мащанинов, “Гурван сарын хугацаанд харилцан визгүй зорчдог болсноос хойш иргэд хоорондын харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагаа улам бүр тэлж байгаа. Өнөөдрөөс хурдан галт тэрэг аялж эхлэх болсон нь энэхүү харилцааг улам бүр эрчимжүүлнэ гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Ийнхүү Улаанбаатар-Эрхүү чиглэлийн хурдан галт тэрэг 15.00 цагт “Улаанбаатар” төв өртөөнөөс хөдөллөө. Уг галт тэрэг маргааш буюу энэ сарын 12-ны 15.00 цагт зорьсон газраа хүрнэ. Суудлын зургаан вагонтой тус галт тэргээр жилд 21.5 мянган зорчигч тээвэрлэнэ хэмээн “Улаанбаатар төмөр зам” ХНН тооцоолж байгаа юм. Мөн ачаалал ихтэй буюу баяр ёслолын үед вагоныг 18 хүртэл нэмэх боломжтой аж. Зорчих тасалбар нэг талдаа том хүн 118 мянга 300 төгрөг бол хүүхэд 71 мянган төгрөг байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here